44450 дахь зочин!
avatar

“НОЦТОЙ”

2015-04-16,14:28

2013-12-25

Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч: Батбаярын Цолмонбаатар

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч: Солтанмуратын өмирбек

“Ноцтой”

 

Энэхүү нийтлэлээр ямар нэгэн ноцтой мэдээ, мэдээлэл бичихийг зорьсонгүй. Харин ноцтой хэмээх үгийн утга, агуулгыг хэлзүйн талаас нь тайлбарлаж ойлгохыг эрмэлзэж, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан байдал, уг үгийн оролцоотой хуулийн зүйл заалтыг тайлбарлаж хэрэглэх асуудлыг сонирхсон юм.

Орчин үед хүмүүсийн харилцаанд, нэн ялангуяа сэтгүүлзүйн салбарт “но”, “ноцтой” хэмээх үгс “этгээд үг” буюу “жаргон хэллэг” болон хувирчээ. Жишээ нь, “но-той, ноцтой мэдээ” гэдгээр нь та бид мэднэ. Харин ноцтой хэмээх үгийн агуулгыг анхаарвал, аливаа зүйл, үйл явдал, баримтын оноц, онч тусалтыг илэрхийлдэг байна. Тухайлбал, “үгийн ноц” гэж үг ярианы ончыг, “хэргийн ноц” гэж хэрэг явдал, үйл баримтын зангилааг[1] илэрхийлнэ.

Уг үгийг бүтцийн хувьд хэрхэн задалж, тайлбарладаг талаар хэл бичгийн ухааны эрдэмтнээс[2] асууж лавласнаа энд тэмдэглэе. “Ноцтой” гэдэг үг Монгол бичгээр “но-ца-тай” буюуᠨᠣᠴᠠᠲᠠᠶ” гэж бичигддэг ба үгийн язгуур нь болох “Но” нь тэмдэг нэр, “-ца”-ийн хувьд “идэвхгүй язгуур” бөгөөд “-той” нь тэмдэг нэрээс тэмдэг нэр бүтээх дагавар юм. “Но-ца” буюу “ноц” хэмээх тэмдэг нэрийн төгсгөлд  “-той” дагавар залгаснаар уг тэмдэг нэрийн утгыг улам эрчимжүүлж, хүчтэй болгосон “ноцтой” гэдэг үг үүсчээ.

“Ноцтой” гэдэг үг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд[3] 4 удаа, Иргэний хуульд[4] 28 удаа хэрэглэгджээ. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “...ноцтой зөрүү...”[5], “...ноцтой аюул, хор уршиг...”[6], “...ноцтой зөрчсөн...”[7], “...ноцтой зөрчигдсөн...”[8], Иргэний хуульд “...ноцтой хүндрэл...”[9], “...ноцтой төөрөгдсөн...”[10], “...ноцтой хохирол...”[11] , “Нөлөөлөл нь ноцтой...”[12], “...үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж...”[13], “...зориулалтыг ноцтой өөрчлөхгүйгээр...”[14], “...ноцтой нөлөө үзүүлэхгүйгээр...”[15], “...ноцтой үйлдэл...”[16], “...ноцтой үндэслэл...”[17], “...ноцтой нөхцөл байдал...”[18] гэсэн агуулгаар тусгагдсан байна. Эдгээрээс ажиглахад ноцтой хэмээх үг нь хуулиудад тусгагдсан үйл үг, утга агуулгын хүчийг улам эрчимжүүлсэн, хүч нэмэгдүүлсэн шинжтэй байна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам
(зүгээр л нэг) зөрчигдөөгүй, тэр зөрчил ноцтой байна, мөн хөршийн нөлөөлөл нь энгийн, жирийн, ердийн ахуйн нөхцөл дэх нөлөөлөл биш, харин ноцтой нөлөөлөл бол, хэлцэл дэх “төөрөгдөл” хүн болгонд тохиолддог нийтлэг төөрөгдөл биш, харин ноцтой төөрөгдсөн бол гэх санааг энд агуулжээ.

Хуулийн дээрх холбоо үгсээс ажиглахад, ямартай ч “ноцтой” гэдэг тодотголтой л бол жирийн л нэг тохиолдлоос арай өөр, онцгой, содон шинжтэй, ховор, эсвэл ердийн биш нөхцөл байдал гэж ойлгох нь тодорхой юм.
Ноцтой хэмээх үгийн бүтэц, хэлзүйн талаарх дээрх утга, агуулгыг удирдлага болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;” гэх заалтыг тодорхой жишээн дээр, үгийн шууд утгыг анхаарч тайлбарлая.

 

Тохиолдол: Иргэн А иргэн Б-д үл хөдлөх хөрөнгө бэлэглэжээ. Уг үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн зорилго нь Б нь сурган хүмүүжүүлэх ухааны өндөр мэргэшилтэй нэгэн бөгөөд бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийг түүний эрдэм шинжилгээний, сургуулийн үйл ажиллагаа явуулах байр хэлбэрээр ашиглуулахын тулд түүний өмчлөлд бүр мөсөн шилжүүлсэн аж. А нь тухайн байранд өөрийн хувийн аж ахуйг давхар эрхэлж байсан бөгөөд бэлэглэлийн гэрээнд А өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгөд цаашид үйл ажиллагаа явуулах талаар огт тусгаагүй, ийм нөхцөл ч оруулаагүй байна. Б өөрийн эрдэм шинжилгээний ажлаа эрхэлж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа тухайн байранд явуулсаар байсан. Гэтэл эд хөрөнгийг бэлэглэж авснаас хойш арваад жилийн дараа Б нь А-д хандаж, тухайн бэлэглэсэн байрнаас гарахыг шаарджээ. Учир нь түүний сурган хүмүүжүүлэх ажил улам өргөжиж, сургуулийн түвшинд очсон бөгөөд сургуулийн үйл ажиллагаанд А-ийн хувийн бизнесийн үйл ажиллагаа саад болж байна гэж үзжээ. Тодруулбал, Б-ийн байгуулсан сургууль дотор А компанийн үйл ажиллагаа явуулж буй нь Б-д таалагдсангүй. Улмаар А тус бэлэглэсэн сургуулийн байрнаас гарахыг хүссэнгүй ба Б нь А-г сургуулийн байрнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, Б өөрийн өмчөө аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул А-г тухайн байрнаас албадан гаргахаар болжээ. Үүний эцэст бэлэглэгч А нь бэлэг хүлээн авагчийн уг “шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл”-д гомдож, Б-д холбогдуулан “үл хөдлөх хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар” шүүхэд нэхэмжлэл гаргажээ. А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “Б шүүхэд хандаж намайг миний бэлэглэсэн байрнаас минь албадан гаргаснаар “ноцтой” гомдоосон” гэжээ. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн уг маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэх вэ?

 

Дээрх маргааныг шийдвэрлэхийн тулд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-т зааснаар нэгдүгээрт “бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон эсэх”, хоёрдугаарт уг “гомдол” бэлэг хүлээн авагчийн “ноцтой үйлдлээс” болсон (шалтгаант холбоотой) эсэх, мөн гуравдугаарт бэлэг хүлээн авагчийн үйлдэл “ноцтой” эсэх зэрэг үйл баримтуудыг тодорхойлох[19] шаардлагатай.

“Бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх” урьдчилсан нөхцөл байдал нь бэлэглэгчийн буюу нэхэмжлэгчийн хувь хүний үнэлэмжээр (субьектив шинжтэй) тодорхойлогдох ойлголт байдаг бол “бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх” нөхцөл байдал нь бэлэг хүлээн авагчийн үйл ажиллагаа (үйлдэл, эс үйлдэхүй)-ны үр дүн байх ба бэлэг хүлээн авагчийн тухайн “ноцтой” үйл ажиллагаанаас болж бэлэглэгч гомдсон байхыг ойлгоно. Харин бэлэг хүлээн авагчийн бэлэглэгчийг гомдоосон “ноцтой үйлдэл” нь зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд холбоотой, эсхүл бэлэглэгчид чиглэгдсэн байна. Түүнээс биш, бэлэглэгчийн гомдол болгон тухайн үйл баримтад хамааралтай байж таарахгүй.

Тэгвэл, нэхэмжлэгч буюу бэлэглэгчийн үзэж байгаагаар “бэлэг хүлээн авагч буюу хариуцагч түүнийг бэлэглэсэн байрнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх үйлдэл Иргэний хуулийн дээрх зүйлд заасан “...ноцтой үйлдэл” мөн үү? Энэ тохиолдолд Б-ийн А-г байрнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдлийн зорилго, шалтгаан, агуулга, энэхүү үйлдлээс болж бий болох үр дагаврын талаар судлах нь дамжиггүй.

Бэлэг хүлээн авагч Б-ийн тухайн үйлдэл нь ёс суртахуун, уламжлал, зан заншил, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль тогтоомжуудыг илт зөрчсөн эсэхийг судалсныг эцэст, уг үйлдлээрээ бэлэглэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, бэлэглэлийн гэрээний агуулга, бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг алдагдуулсан, бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан зэрэг үр дагаврыг бодитой үүсгэсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Уг үйлдэл “ноцтой” байхын тулд дээрх шинжүүдийн аль нэгийг өөртөө агуулсан байна.

Гэтэл, бэлэг хүлээн авагчийн бэлэглэгчийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл нь дээрх “ноцтой”-д тооцох шинжүүдийн аль нэгийг агуулаагүй буюу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-т заасан “ноцтой үйлдэл” биш юм.

Эндээс дүгнэвэл, хуулиуд дахь ноцтой хэмээх үгийн агуулга, үзэл санааг тайлбарлахын тулд тухайн хэрэг, үйл баримтаас нь шалтгаалж өргөн хүрээтэй, олон төрлийн нөхцөл байдлуудыг дэвшүүлэн, тодруулах шаардлагатайг анхаарах нь чухал юм. Жишээ нь, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-т заасан “ноцтой үйлдэл” гэдгийг дээрх тодорхой тохиолдол дээр тайлбарлаж хэрэглэхэд л тухайн “ноцтой”-д тооцогдох үйлдэл нь:

-       “ёс суртахуун, уламжлал, зан заншил, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль тогтоомжуудыг илт зөрчсөн үйлдэл”,

-       “бэлэглэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан” үйлдэл,

-       “бэлэглэлийн гэрээний агуулга, бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг алдагдуулсан” үйлдэл,

-       “бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн” үйлдэл,

-       “бэлэглэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэх зэрэг бэлэг хүлээн авагчийн үйлдэл бэлэглэгчийн хувьд сөрөг үр дагавар үүсгэх онцгой, содон шинжтэй үйл ажиллагаа зэргээр тайлбарлагдах боломжтой юм.

Хуулиуд дахь ноцтой гэдэг үгийг дээрх байдлаар тайлбарлаж хэрэглэх боломжтой боловч зарим тохиолдолд тухайн үйл баримтыг “ноцтойд” тооцох тохиолдлыг хуулийн өөрт нь тодорхойлсон байдгийг анхаарах шаардлагатай. Жишээ нь, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.1.-т “...үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж...” гэжээ. Эндээс үзвэл, үүргээ нэг удаа бус удаа дараа зөрчвөл үүргээ ноцтой зөрчсөн гэж ойлгогдохоор байна.

            Эцэст нь, шүүх хуулийг тайлбарлан хэрэглэхдээ “үгийн гарал, үүсэл, бүтэц, язгуур” зэргийг анхаарч, хэлзүйн шинжлэх ухааны үүднээс давхар судлах, ийм хандлагыг бий болгох нь хуулийг нэг мөр, зөв ойлгож, утга, агуулгыг нь оновчтой, бүрэн тайлбарлаж хэрэглэхэд ач холбогдолтой юм.

            Эх сурвалжууд:

1.    Монгол Улсын Үндсэн хууль,

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,

3.    Иргэний хууль,

4.    Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар, Гэрээний эрх зүй-1, Улаанбаатар., Хамтын бүтээл, 2007 он,

5.    Монгол хэлний тайлбар толь, Монсудар хэвлэлийн газар, Улаанбаатар., 2011 он,

6.    Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлал. /www.shuukh.mn сайт/

-оОо-

[1] Монгол хэлний тайлбар толь, Монсудар хэвлэлийн газар, Улаанбаатар., 2011 он, 784 тал.

[2] Доктор, профессор Дийзгарын Баттогтох (Монголын Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан)

[3] Төрийн мэдээлэл сэтгүүл, 2002 он, №8-д нийтлэгдсэн.

[4] Төрийн мэдээлэл сэтгүүл, 2002 он, №7-л нийтлэгдсэн.

[5] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6.

[6] Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.

[7] Мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.

[8] Мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.

[9] Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.

[10] Мөн хуулийн 58 дугаар зүйл.

[11] Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.

[12] Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.

[13] Мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.1.

[14] Мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.9.

[15] Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3.

[16] Мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.

[17] Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.3.1.

[18] Мөн хуулийн 436 дугаар зүйл.

[19] Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар, Гэрээний эрх зүй-1, Улаанбаатар., Хамтын бүтээл, 2007 он, 94 дүгээр тал. (албан бус тайлбар)


бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax