44448 дахь зочин!
avatar

ШҮҮХ ХУРАЛДААНД ЗАЙНААС ОРОЛЦОХ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГА

2016-07-14,19:52

("Шүүх эрх мэдэл" сэтгүүлийн 2016 оны №2-т нийтлэгдсэн) 

Агуулга

Оршил.............................................................................................................................................. 2

1. Цахим шүүх хуралдаан хийх хэрэгцээ, шаардлага.............................................................. 2

2. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн цахим шүүх хуралдааны тоон судалгаа 4

3. Шүүх хуралдаанд зайнаас оролцох эрх зүйн үндэс............................................................. 5

4. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах техник хангамж...................................................... 6

5. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах давуу болон сул тал............................................. 7

6. Гадаад орнуудын зохицуулалт................................................................................................ 8

6.1. ОХУ....................................................................................................................................... 8

6.2. Шинэ Зеланд...................................................................................................................... 10

Дүгнэлт.......................................................................................................................................... 11

Санал............................................................................................................................................. 12

Зөвлөмж........................................................................................................................................ 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оршил

           

Шүүх хуралдаанд зайнаас оролцох гэдэг нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг тухайн цаг мөчид шүүх хуралдааны танхимд биечлэн байлцуулахгүйгээр, дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээний тусламжтайгаар алсын зайнаас шүүх хуралдааны танхимд шууд оролцуулж буй ажиллагаа юм. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах нь хэргийн оролцогчийн хувьд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т заасан “...хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох,” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3.-т заасан “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах,” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2.-т заасан “шүүх хуралдаанд оролцох” үндсэн эрхийн хэрэгжилтийг үр дүнтэй хангаж байгаа эсэх, хэргийн оролцогчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим сүлжээгээр оролцуулах ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага, уг ажиллагааны давуу болон сул талыг тодорхойлох, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн практик, гадаад улсын туршлагыг харьцуулан судлахад энэхүү судалгааны зорилго оршино.

Энэ өгүүлэл нь дараах зургаан хэсгээс бүрдэнэ: 1. Цахим шүүх хуралдаан хийх хэрэгцээ, шаардлага; 2. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн цахим шүүх хуралдааны тоон судалгаа, 3. Шүүх хуралдаанд зайнаас оролцох эрх зүйн үндэс; 4. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах техник хангамж; 5. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах давуу болон сул тал; 6. Гадаад орнуудын зохицуулалт.

1. Цахим шүүх хуралдаан хийх хэрэгцээ, шаардлага

 

1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар[2] аймаг, нийслэлийн давж заалдах шатны 22 шүүх үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар[3] давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргийн чиглэлээр дагнан, бүсчилж байгуулсан.[4] Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[5] 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг харьяалан бүсчилж байгуулсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1.-т заасан шүүхийн үндсэн тогтолцоог зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосноор 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин баталж[6], 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүчингүй болгосон.[7]

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар давж заалдах шатны шүүхүүдийг маргааны төрлөөр нь дагнаж бүсчилж байгуулах үзэл баримтлалыг хэвээр нь хадгалсан бөгөөд давж заалдах шатны шүүхүүдийн “дугаар, дүгээр шүүх” гэсэн нэршлийг өөрчилж, харьяалж буй аймгуудын нэрийг оруулж нэрлэсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхүүд нэг аймагт байрлаж байгаа хэдий ч нүүдэллэн ажиллаж, хэргийн оролцогчийн оршин суугаа газарт очиж шүүх хуралдаан хийх[8] боломжтой тул аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулах Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчигдөхгүй гэж хууль тогтоогч үзсэн. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийг “Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” болгон өөрчилжээ.[9]

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хууль үйлчилж байх үед иргэд бүсчилж байгуулсан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрсдөө биечлэн ирж оролцдог байсан[10] боловч, тухайлбал Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Алтай суманд оршин суудаг хэргийн оролцогч нэг талдаа 400 км гаруй зам туулж, өөрийн зардлаар аймаг дамжин ирж, шүүх хуралдаанд оролцдог хүндрэл байсан нь үнэн. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-т зааснаар хэргийн оролцогч нь өөрөө хүсвэл давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй боловч газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалж гарах зардлаас (замын зардлаас гадна хонох байр, хоол ундны гэх мэт) хамаарч энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдах нөхцөл үүсч байсан. Иймээс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар давж заалдах шатны шүүхүүдийг эрүү, иргэний хэргээр бүсчилж, дагнан байгуулахдаа иргэдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс шүүхүүд нүүдэллэн ажиллах боломжийг харгалзаж үзжээ.

Одоогийн байдлаар (2016.04.26), Баян-Өлгий болон Увс аймагт оршин суудаг иргэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан тохиолдолд, хэрвээ хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан бол (1) давж заалдах шатны шүүх  нүүдэллэн ажиллах буюу хэргийн оролцогчийн байгаа газарт нь очиж шүүх хуралдаан хийх, (2) шүүх хуралдаанд цахим сүлжээгээр хэргийн оролцогчийг оролцуулах гэсэн хоёр чиглэлээр иргэдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж байна.

Шүүх хуралдаанд хэргийн болон бусад оролцогчийг цахим сүлжээгээр оролцуулж буй иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн практик нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэж байгаа эсэх, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг бодитой, үр дүнтэй хангаж байгаа эсэхийг судлах шаардлагатай юм.  

2. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн цахим шүүх хуралдааны тоон судалгаа

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд бүсчилж байгуулагдсантай холбоотойгоор хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах, хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах шүүхийн шинэ практик бий болжээ. Техник-тоног төхөөрөмжийн тусламжтайгаар алсын зайнаас хурал, зөвлөгөөн хийх, видео-конференци, хэлэлцүүлэг явуулах нь түгээмэл байдаг боловч шүүх хуралдаан нь хуулиар журамлагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа учраас онцлогтой.

Ховд аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүх. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай шинэ хууль хэрэгжсэнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын байдлаар 39 удаагийн шүүх хуралдаанд нийт 104 хэргийн оролцогчийг зайнаас оролцуулсан байна. Эдгээрээс 28 удаагийн шүүх хуралдааны 62 хэргийн оролцогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас, 6 хэргийн оролцогч Улаанбаатар хотоос, 11 удаагийн шүүх хуралдааны 28 хэргийн оролцогч Увс аймгийн Улаангом сумаас, 2 оролцогч Улаанбаатар хотоос тус тус цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцжээ.[11] Ховд аймгийн Жаргалант суманд байрлах шүүхийн танхимд болсон 5 удаагийн шүүх хуралдаанд Увс аймгийн Улаангом сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Улаанбаатар хотоос тус тус хэргийн оролцогчид оролцож, шүүх хуралдааныг гурвалсан цахим сүлжээгээр (Ховд, Увс, Улаанбаатар болон Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар) явуулсан байна.[12]

Бусад давж заалдах шатны шүүх. Иргэний хэргийн давж заалдах шатны 9 шүүхээс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс бусад шүүхүүд шүүх хуралдааныг цахим хэлбэрээр хийсэн байна. Үүнд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 9 удаагийн шүүх хуралдаанд 14 хэргийн оролцогч, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 14 удаагийн шүүх хуралдаанд 13 хэргийн оролцогч, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 14 удаагийн шүүх хуралдаанд 34 хэргийн оролцогч, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 10 удаагийн шүүх хуралдаанд 24 хэргийн оролцогч, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 6 удаагийн шүүх хуралдаанд 35 хэргийн оролцогч, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 10 удаагийн шүүх хуралдаанд 20 хэргийн оролцогч, нийт 102 удаагийн цахим шүүх хуралдаанд 244 хэргийн оролцогч тус тус өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхийн хуралдааны танхимаас давж заалдах шатны шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцсон байна. [13]  

3. Шүүх хуралдаанд зайнаас оролцох эрх зүйн үндэслэл

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар[14] тухайлан зохицуулаагүй, энэ талаарх зохицуулалт Эрүүгийн байцаан шийтгэх хууль[15], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд[16] байхгүй, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд[17] ч мөн тусгагдаагүй байна.

Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах асуудлыг хуулиар тусгайлан зохицуулаагүй боловч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд шүүх хуралдааныг цахим хэлбэрээр хийж байгаа практик нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох үндсэн эрхийг хангахад ач холбогдолтой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор[18] “Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах асуудлын зарим хэсгийг зохицуулжээ. Үүнд, журмын 2.1.-т зааснаар гомдол гаргагчийн шүүх хуралдааныг хаана хийх талаар гаргасан хүсэлтийг авах, 2.2.-т зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааныг хаана хийх талаар өөр өөр хүсэлт гаргавал шүүх хуралдаан хийх газрыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж шийдвэрлэхээр заажээ. Журмын хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид шүүх нүүдэллэн ажиллах боломжтой талаар хуулийн зохицуулалтыг танилцуулж, шүүх хуралдаан хийх газрын тухай санал, шүүх хуралдаанд биечлэн, цахим хэлбэрээр оролцох эсэх, эсхүл шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтийг авч[19], давж заалдах шатны шүүхэд уламжилдаг журам тогтоосон байна.  

4. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах техник хангамж

 Шүүхүүд хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулахдаа видео-конференци хийх болон шүүх хуралдааны явцыг дуу, дүрс бичлэгээр бэхжүүлэх тоног төхөөрөмжийг тус тус ашиглаж байна.

2013 онд Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр 21 аймгийн шүүх, Багахангай-Налайх дүүргийн анхан шатны шүүхүүдийг шилэн кабелийн сүлжээнд холбосноор файл дамжуулах, зайны сургалт, видео хурал хийх, IP хаяг ашиглан утсаар хоорондоо үнэгүй холбогдох техникийн нөхцөл бүрдсэн байна. Шүүх хуралдааны танхимд суурилуулсан төхөөрөмжүүд нь шүүх хуралдааны явцыг бичиж, архивлаад зогсохгүй тухайн бүс нутагт амьдардаггүй хэргийн оролцогчийг амьдарч байгаа газрын шүүх хуралдааны танхимаас оролцуулах, иргэдийн цаг хугацааг хэмнэх, зардал чирэгдлийг багасгах олон талын ач холбогдолтой[20] болсон талаар шүүхийн 2013 оны тайланд тэмдэглэжээ. 2014 онд анхан болон давж заалдах шатны 6 шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх хуралдааны танхим зэрэг 14 шүүх хуралдааны танхимд дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмж суурилуулж, тухайн шүүхийн тамгын газруудад хүлээлгэн өгчээ. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй шүүгдэгчтэй онлайнаар холбогдох компьютер, тоног төхөөрөмж, веб камер болон техникийн нөхцлөөр хангажээ. 2013 онд шилэн кабелийн төв сервер дээр сүлжээний зохицуулалт хийж, программын шинэчлэл, тохируулга хийгдсэнээр нийт шүүхүүд зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбогдохоос гадна шүүхүүд харилцан видео хурал зохион байгуулах, мэдээ мэдээлэл солилцох боломжоор хангагджээ.

Ингэснээр тойргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхтэй түргэн хугацаанд мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллах, иргэн болон хэргийн оролцогч тухайн орон нутгаасаа өөр орон нутагт байрлах шүүх хуралдаанд онлайнаар оролцох техникийн нөхцөл бүрдсэн талаар шүүхийн 2014 оны тайланд тусгагдсан байна.[21] Тус тайлангаас харвал, ШЕЗ кибер аюулгүй байдалд бас анхаарсан байна.[22] Тодруулбал шүүхүүд хоорондоо холбогдох, шүүхүүд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цахим сүлжээгээр холбогдохдоо интернэтийн тусламжтайгаар биш, харин бие даасан шилэн кабелээр холбогдож байгаа нь сүлжээний аюулгүй байдалд ач холбогдолтой. 2015 оны байдлаар аймгийн төвөөс алслагдсан 7 сум дундын шүүхүүдэд видео хурал, зөвлөгөөн, сургалт хийх төхөөрөмж суурилуулснаар Ховд аймгийн Булган сумаас бусад улсын хэмжээний бүх шүүхүүд видео хурал хийх техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.[23]

Үүнээс үзвэл, улсын хэмжээнд Ховд аймгийн Булган сум дахь анхан шатны шүүхээс бусад бүх шүүхүүд шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр бэхжүүлэх, улмаар цахим хэлбэрээр алсын зайны сургалт, хурал, зөвлөгөөн хийх техник-тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Харин энэхүү тоног төхөөрөмжийн зориулалт нь шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах шаардлагыг хангаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай юм.

5. Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах давуу болон сул тал

Давуу тал. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох үндсэн эрхийг хангах үүднээс тэдгээрийг зайнаас шүүх хуралдаанд оролцуулах нь шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг чирэгдүүлэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, хэргийн оролцогчийн зардал болон цагийг хэмнэх давуу талтай. Шүүх хуралдаанд биечлэн оролцох үндсэн эрхийг бодитой, үр дүнтэй хангаж байгаа эсэх нь шүүх хуралдааны танхимын орчин, ашиглагдаж буй техник-тоног төхөөрөмжийн хүртээмжтэй байдалтай холбоотой. Түүнчлэн, шүүх нүүдэллэн ажиллахгүйгээр шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулснаар байгалийн болон бусад хүчин зүйлсээс шалтгаалах шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдал хангагдах, шүүхийн захиргааны ажлыг хөнгөвчлөх, шүүхийн зардал хэмнэгдэх зэрэг давуу тал байж болох юм. Мөн, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хувьд нүүдэллэн ажиллахдаа тэдгээр аймгуудын хоорондох зай, авто замын байдлаас шалтгаалан тодорхой хугацаа зарцуулдаг тул шүүх хуралдааныг цахим хэлбэрээр хийснээр шүүхийн шийдвэр бичих 7 хоногийн[24] хугацаа алдагдахгүй байх давуу талтай[25].

Сул тал. Хэрвээ шүүх хуралдааны танхимын орчин, хуралдаанд хэргийн оролцогчийг алсын зайнаас оролцуулах техник-тоног төхөөрөмж зохих шаардлагыг хангахгүй бол цахим сүлжээгээр шүүх хуралдаан хийснээр хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох үндсэн эрх бодитой, үр дүнтэй хангагдахгүй сөрөг үр дагавартай. Шүүх хуралдааны явцад орон нутгийн хэмжээнд тог тасрах, цахим сүлжээ буюу шилэн кабельд доголдол гарах, тасрах, техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, сүлжээний аюулгүй байдалд гаднаас халдах, тасалдуулснаас шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчим зөрчигдөх, нотлох баримтын төрлөөс хамааран шинжлэн судлахад хүндрэл үүсэх талтай. Мөн шүүх хуралдаанд зайнаас оролцуулж буй хэргийн оролцогчийн хувьд хуралдааны дэг сахиулахад хүндрэл үүсэх, амьд бус харилцаа үүсэх, хэргийн оролцогчид итгэл үнэмшил төрөхгүй байх, сэтгэл ханамжгүй байх, тайлбар, мэдүүлгээ бүрэн илэрхийлж чадахгүй байх /сэтгэл зүйн нөлөөлөл/, мэтгэлцэх боломж үгүйсгэгдэх, хардалт, үл итгэх байдал үүсэх зэрэг сул талтай. Түүнчлэн, шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаа хэргийн оролцогчийн /гэрч/ мэдүүлэг болон зайнаас оролцож байгаа хэргийн оролцогчийн /гэрч/ мэдүүлэг ялгамжтай байдаг талаар, талууд эвлэрэх эрхээ хэрэгжүүлсэн тохиолдол гарч байгаагүй талаарх шүүгчдийн саналыг[26] тэмдэглэж байна.

6. Гадаад орнуудын зохицуулалт

 Гадаадын улс орнуудыг хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд алсын зайнаас оролцуулж байгаа байдлаар нь манайх шиг эрх зүйн тодорхой зохицуулалтгүй ч цахим шүүх хуралдаан хийдэг орнууд (Казахстан, Турк), уг асуудлыг процессийн хуулиар зохицуулдаг орнууд (ОХУ), бие даасан тусгай хуулиар зохицуулдаг (Шинэ Зеланд) орнууд гэж ангилж болохоор байна. Уг судалгаанд энэ талаарх тодорхой эрх зүйн зохицуулалттай ОХУ болон Шинэ Зеланд зэрэг орнуудын хуулийн зохицуулалтыг авч үзлээ.

6.1. ОХУ

 

Арбитрт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн[27] 136.1.-т зааснаар арбитрийн урьдчилсан хуралд хэргийн оролцогчийг цахим сүлжээгээр, зайнаас оролцуулахдаа мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан журмыг баримтлана гэжээ. Хуулийн 153.1.-т хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн арбитрийн техник-тоног төхөөрөмжийн нөхцөлийг харгалзаж, хэргийн оролцогчийг зайнаас цахим сүлжээгээр хуралд оролцуулж болохоор заасан бөгөөд 153.2.-т хэргийн оролцогчийг хуралдаанд алсын зайнаас оролцуулах асуудлыг тухайн арбитр шийдвэрлэж, тогтоол гаргаж,  энэ тухай хэргийн оролцогчийн байгаа газрын арбитрт тухайн оролцогчийг хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулах талаар мэдэгдэнэ, 153.3.-т маргааны талуудыг хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулахдаа тэдгээрийн биеийн байцаалтыг шалгасны эцэст хуралдааны дэгийг танилцуулж, хэргийн оролцогч уг хуралдаанд цахим хэлбэрээр оролцох боломжтой эсэхийг нягтлана. Мөн, хуулийн 153.5.-д зааснаар (1) хуралдаанд оролцуулах техник-тоног төхөөрөмжийн бололцоогүй, (2) хаалттай хурал хийх гэсэн 2 тохиолдолд хэргийн оролцогчийн зайнаас оролцох тухай хүсэлтийг хүлээж авахгүй байх талаар зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[28] 10.6-д хаалттай шүүх хуралдаанд цахим сүлжээ ашиглан зайнаас хэргийн оролцогчийг оролцуулахыг хориглосон байна. Хуулийн 55.1.-т зохигч, гуравдагч этгээдийн тайлбар болон гэрчийн мэдүүлгийг энэ хуулийн 155.1.-т заасан журмын дагуу цахим сүлжээг ашиглан авч болох талаар зохицуулжээ. Хуулийн 152.2.-т шүүх хуралдааны урьдчилсан сонсголд хэргийн оролцогчид энэ хуулийн 155.1.-т заасан журмын дагуу цахим хэлбэрээр оролцож болохоор тусгажээ. Түүнчлэн, хуулийн 155.1.-т хэргийн оролцогчийг зайнаас шүүх хуралдаанд оролцуулахдаа тухайн шүүхийн техник-технологийн боломж нөхцөл бүрдсэн эсэхийг анхаарч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулахаар шүүхээс шийдвэрлэж болно. Шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцуулах асуудлыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар шийдвэрлэх ба энэ тохиолдолд шүүхээс тодорхой шийдвэр /шүүгчийн захирамж, тогтоол/ гаргахаар байна. Хуулийн 155.2.-т зааснаар шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулахдаа тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох боломжийг нь харгалзаж үзэх ба 155.4.-т зааснаар  хэргийн оролцогчийн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан буюу хоригдож байгаа эсхүл түр саатуулагдсан тохиолдолд тухайн хорих байрны захиргааны техникийн боломжийг харгалзаж, тухайн хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд алсын зайнаас оролцуулна. Мөн хуулийн 327.1.-т зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогч энэ хуулийн 155.1.-т заасан журмын дагуу алсын зайнаас цахим сүлжээгээр оролцож болох талаар хуульчилсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн[29] 241, 293 дугаар зүйлүүдэд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой төрлийн гэмт хэргийн, тухайлбал, террорист үйл ажиллагаа явуулсан, хүн барьцаалсан, зэвсэгт байгууллага байгуулсан, агаарын тээвэр, хөлөг онгоц, төмөр замын тээврийн хэрэгслийн жолоодлогыг хууль бусаар авсан, барьцаалсан, эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, зэвсэгт бослого, мөргөлдөөн зохион байгуулсан, төрлөөр устгах үйл ажиллагаа явуулсан зэрэг гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны ажиллагаанд шүүгдэгчийг цахим сүлжээгээр, хоригдож байгаа хорих ангийн танхимаас буюу зайнаас шүүх хуралдаанд оролцуулж болохоор зохицуулжээ.

 

6.2. Шинэ Зеланд

 

Шинэ Зеландын Хууль зүйн яамнаас санаачилж, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус улсын хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлж, хэлэлцүүлсний эцэст 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Шинэ Зеландын төрийн тэргүүн /Хаан/-ий зөвшөөрлөөр “Шүүх хуралдаанд зайнаас оролцуулах тухай” хууль[30] батлагджээ. Тус хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд цахим сүлжээг ашиглах ерөнхий болон нэмэлт шаардлага, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд цахим сүлжээг ашиглах журмыг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн 3 дугаар зүйлд дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээ (audio-visual link, or AVL) гэдгийг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг тухайн цаг мөчид шүүх хуралдааны танхимд биечлэн байлцуулахгүйгээр алсын зайнаас дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээний тусламжтайгаар шүүх хуралдаанд бүрэн болон хэсэгчилэн оролцуулах техникийн шийдлийг гэж тодорхойлсон бөгөөд талууд /зохигч/, шүүгдэгч, хууль зүйн зөвлөгөө өгөх этгээд, гэрч, тангарагтны шүүхийн гишүүн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүхээс шийдвэрлэсэн бусад этгээд зэргийг тус сүлжээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохоор  зохицуулжээ.

Хуулийн 5 дугаар зүйлд дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашиглах ерөнхий шаардлагыг тогтоосон бөгөөд хэргийн оролцогчийг зайнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа эрх бүхий этгээд буюу шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дараах ерөнхий шаардлагыг харгалзаж үзнэ:

(a) шүүх хуралдааны танхим буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах газрын орчин, нөхцөл;

(b) дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашиглах техник-технологийн чанар байдал, хүртээмж;

(c) дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашигласнаар хэргийн оролцогчийн эрхийг үр дүнтэй хангах байдал буюу хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргах нотлох баримтын найдвартай байдал хийгээд гэрчийн цахим сүлжээгээр мэдүүлэг өгөх чадамж, хэргийн оролцогчдын хоорондоо мэтгэлцэх, харилцах түвшин, боломж нөхцөл зэргийг харгалзаж үзэхээр заажээ.  

Хуулийн 7.1-т иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашиглах асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүх хэргийн оролцогчийг цахим сүлжээний тусламжтайгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн байлцуулахгүйгээр, алсын зайнаас оролцуулж болох эрх зүйн үндсийг тогтоожээ. Хуулийн 7.2.-т зааснаар энэ зүйлийн 1-т заасан шийдвэрийг гаргахдаа шүүх:

(а) өөрийн санаачилгаар;

(b) зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэнэ.

Хуулийн 7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхээс энэ зүйлийн (1)-т заасан шийдвэрийг гаргахдаа:

(а) хуулийн 5.-д заасан ерөнхий шаардлага; 

(b) хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим сүлжээгээр оролцох талаар зөвшөөрсөн эсэхийг харгалзаж, шийдвэр гаргахаар хуульчилжээ.

Хуулийн 10 дугаар зүйлд дуу, дүрс бичлэгийг шууд дамжуулах техник-тоног төхөөрөмж, цахим сүлжээг ашиглах шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох үндэслэлийг тусгасан бөгөөд цахим сүлжээний тусламжтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан ерөнхий болон нэмэлт шаардлагыг хангахгүй, эсхүл хангахааргүй гэх үндэслэлээр цуцалж, хүчингүй болгож болно.

Хуулийн 13 дугаар зүйлд цахим шүүх хуралдаан хийсэн тохиолдолд “шүүх хуралдаан хийх газрыг тогтоох” асуудлыг зохицуулсан бол 14 дүгээр зүйлд шүүх хуралдаанд алсын зайнаас оролцож буй этгээдийн газар нутгийн хамаарлыг тодорхойлжээ. Тухайлбал, 14.1-т зааснаар цахим сүлжээний тусламжтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн хувьд уг цахим сүлжээг ашиглах хугацаанд түүнийг тухайн шүүх хуралдааны танхимд байгаатай нэгэн адил үзэх, мөн 14.2-т зааснаар цахим сүлжээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд заавал Шинэ Зеландын нутаг дэвсгэрт байх шаардлагыг хуульчилсан нь онцлог бөгөөд сонирхолтой зохицуулалт байна.

Дүгнэлт

 

Давж заалдах шатны шүүхүүд дагнан, бүсчилж байгуулагдсантай холбоотойгоор, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах зорилгоор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах практик бий болжээ. Гэвч энэ асуудал хуулиар зохицуулагдаагүй, зарим харилцааг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-аар зохицуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.

Тухайлбал, тус журмын 2.2.-т “Шүүх хуралдаан хаана хийх талаар давж заалдах гомдол гаргасан этгээд болон хэргийн оролцогч өөр хүсэлт гаргавал тухай шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-т “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн (Шүүгчдийн зөвлөгөөн нь  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ) 25.2.-т нийцэхгүй байна.

Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг үр дүнтэй, бодитой хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмын үүднээс шүүх хуралдаанд хэргийн оролцогч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг зайнаас оролцуулах эрх зүйн зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах замаар тусгах шаардлагатай.

Санал

 

Энэхүү судалгаанд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах гурван санал гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдаанд хэргийн оролцогч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг зайнаас оролцуулах талаар шүүхээс шийдвэр гаргах асуудлыг дараах байдлаар зохицуулах. Үүнд:

1.    хуралдаанд зайнаас оролцох эсэхийг шүүх талуудын хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргадаг байх,

2.    хуульд заасан тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар хэргийн болон бусад оролцогчийг зайнаас оролцуулах,

3.    зайнаас оролцуулах шийдвэртэй холбоотойгоор хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хангах.

 

Хоёр. Шүүхээс хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах тухай шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох үндсэн эрхийг үр дүнтэй, бодитой хангах үүднээс дараах ерөнхий шаардлагыг харгалзах. Үүнд:

1.    шүүх хуралдааны танхимын нөхцөл, хүртээмжтэй байдал (зохих техник-төхөөрөмжөөр тоноглогдсон байдал),

2.    техник-технологийн оновчтой шийдэл (дуу, дүрс бичлэгийг зайнаас шүүх хуралдааны танхимд өндөр чанартайгаар шууд дамжуулах цахим шүүх хуралдааны зориулалтын төхөөрөмж).

 

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой холбогдуулж дараах нэмэлт шаардлагыг тусгах. Үүнд:

1.    хэргийн оролцогчийн зайнаас оролцох чадамжийг харгалзаж үздэг байх,

2.    хэргийн нотлох баримтыг зайнаас шинжлэн судлахад хүндрэл үүсэх эсэх.

Мөн хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл, зайнаас оролцож буй хэргийн болон бусад оролцогч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байх зэрэг нөхцлийг хуульчлах шаардлагатай.

Зөвлөмж

             Судалгааны үр дүнг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлд дараах зөвлөмжийг танилцуулж байна. Үүнд:

 

1.    Шүүх хуралдааны явцыг дуу, дүрс бичлэгээр бэхжүүлэх, зайнаас сургалт, видео-конференци хийхэд зориулагдсан тоног төхөөрөмжүүд нь шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах шаардлагыг төдийлөн хангахгүй байгааг анхаарах,

2.    Шүүх хуралдааны танхимыг хэргийн оролцогчийг зайнаас оролцуулах нөхцөл шаардлагыг хангасан, зориулалтын техник-тоног төхөөрөмжөөр тоноглох, стандартыг батлах (энэхүү судалгаанд Шинэ Зеландын Хууль зүйн яамнаас боловсруулсан гарын авлага[31] бүхий шүүх хуралдааныг цахим сүлжээгээр хийх үед ашиглагдах техник-тоног төхөөрөмжийн байршлыг харуулсан схем зургийг хавсаргав)

3.    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хөгжлийн стратеги төлөвлөгөөний төслийн 5.3.1.-т тусгагдсан “...шүүх хуралдаанд зайнаас оролцох, ... нөхцөлийг судалж, эрх зүйн үндсийг бүрдүүлэх;” гэсэн заалтыг тус баримт бичигт тусгаж батлан, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах (хуулийн төсөл боловсруулж, хууль санаачилах эрх бүхий этгээдтэй хамтран ажиллах)

4.    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын цахим шүүх хуралдаантай холбоотой заалтыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэх,

5.    Улаанбаатар хотоос орон нутгийн шүүхүүдийн шүүх хуралдаанд цахим сүлжээгээр, зайнаас оролцох хэргийн оролцогчийн эрхийг үр дүнтэй хангах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны нэг өрөө тасалгааг тусгайлан (цахим) шүүх хуралдааны танхимын хэлбэрээр тохижуулж, цахим шүүх хуралдаан явуулах жишиг шүүх хуралдааны танхимтай болох,

6.    Хэргийн оролцогч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх танхимаас шүүх хуралдаанд оролцох тохиолдолд хуралдааны дэг сахиулагч буюу Тахарын албаны албан хаагчийг тухайн танхимд заавал байлцуулах журам тогтоох.

 

-oOo-

Хавсралт[32] зураг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт зураг-2.

[1] Энэхүү судалгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн мэргэжлийн магистрийн дадлага-судалгааны ажлын хүрээнд хийж гүйцэтгэв. 2016.04.28.

[2] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/91, 2016.04.20.-ны өдөр ишлэв.  

[3] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/9037, 2016.04.20.-ны өдөр ишлэв.

[4] Тухайлбал, 1993 оны хуулиар Баян-Өлгий, Увс, Ховд аймагт тус тус үйл ажиллагаа явуулж байсан аймгийн шүүхүүдийг нэгтгэж, маргааны төрлөөр нь дагнуулж Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийг тус тус Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалан Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулахаар байгуулсан.

[5] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/10860?lawid=10860, 2016.04.20.-ны өдөр ишлэв.

[6] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/11125, 2016.04.21.-ний өдөр ишлэв.

[7] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/11126, 2016. 04.21.-ний өдөр ишлэв.

[8] Шүүхийн ерөнхий зөвлөл, http://www.judcouncil.mn/main/1801--.html, 2016.04.21.-ний өдөр ишлэв.

[9] 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 1 дүгээр зүйлийн “Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” зэрэг заалтуудыг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[9] Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосон бөгөөд Цэцийн уг тогтоол 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө. 

[10] Иргэний хэргийн давж заалдах шатын 6 дугаар шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон хэргийн оролцогчийн судалгаа (2014-2015). https://drive.google.com/file/d/0By9-zydyQHxkQjUzSy1EQ2RFd1k/view

[11] Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн цахим сүлжээгээр шүүх хуралдаан хийсэн тухай нэгдсэн судалгаа (2015.7.01.-2016.4.28.)

https://drive.google.com/file/d/0By9-zydyQHxkbnZSMnNxcHc5dUk/view

[12] 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн, мөн өдрийн “Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн К.Лизагийн нэхэмжлэлтэй ирэний хэргийн, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Хар тарвагатай” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй ирэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл.

[13] Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн цахим сүлжээгээр шүүх хуралдаан хийсэн тухай нэгдсэн судалгаа (2015.7.01.-2016.4.28.)

https://drive.google.com/file/d/0By9-zydyQHxkbnZSMnNxcHc5dUk/view

[14] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/302, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[15] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/59, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[16] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/284, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[17] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, http://www.legalinfo.mn/law/details/11703?lawid=11703, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[18] Шүүхийн Ерөнхий зөвлөл, http://www.judcouncil.mn/main/1992--.html, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[19] Мөн тэнд, Журмын 2 дугаар хавсралт хүснэгт.

[20] Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн тайлан 2013 он” (УБ, 2014 он), 15-16.

[21] Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн тайлан 2014 он” (УБ, 2015 он), 34.

[22] Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн тайлан 2014 он” (УБ, 2015 он), 36.

[23] Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн тайлан 2015 он” (УБ, 2016 он), 32.

[24] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3.-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

[25] 2016.04.26.-ны өдрийн хэлэлцүүлгийн хувийн тэмдэглэлээс ишлэв. Хэлэлцүүлгийн талаар Монголын Шүүгчдийн холбооны http://www.judge.mn/home/view/?id=266 цахим хуудаснаас үзэх боломжтой.

[26] 2016.04.26.-ны өдрийн хэлэлцүүлгийн хувийн тэмдэглэлээс ишлэв. Хэлэлцүүлгийн талаар Монголын Шүүгчдийн холбооны http://www.judge.mn/home/view/?id=266 цахим хуудаснаас үзэх боломжтой.

[27] Законодательная база РФ, http://zakonbase.ru/apk/, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[28] Законодательная база РФ, http://zakonbase.ru/gpk/, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[29] Официальный сайт компании "КонсультантПлюс", https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_165894/, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[30] New Zealand Parliamentary Counsel Office, http://www.legislation.govt.nz/act/public/2010/0094/latest/whole.html#DLM2600709, 2016.04.28.-ны өдөр үзэв.

[31] New Zealand Parliamentary Counsel Office, http://www.justice.govt.nz/services/audio-visual-links/AVL%20Auckland%20Testing%20Court%20Participant%20Guide.pdf, 2016.04.28.-ны өдөр ишлэв.

[32] New Zealand Parliamentary Counsel Office, http://www.justice.govt.nz/services/audio-visual-links/AVL%20Auckland%20Testing%20Court%20Participant%20Guide.pdf, 2016.04.28.-ны өдөр ишлэв. 

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax