44453 дахь зочин!
avatar

ГЭМТ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА, ТҮҮНИЙГ ТООЛОХ ЖУРАМ, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

2023-11-10,11:57
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч
Солтанмуратын ӨМИРБЕК
(Хууль зүйн магистр, LLM)
 
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журам,
харьцуулсан судалгаа[1]
 
Эрүүгийн эрх зүй дэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны агуулга нь нэг талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой үйл ажиллагаа явуулах, албадлага хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан оролцдог эрх тэгш бус субъектийн хооронд үүсдэг харилцаанд үйлчилдэг, хэрэглэгддэг материаллаг болон процессын хэм хэмжээний нийлбэр учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах зорилтын хүрээнд дараах зориулалттай байна. Үүнд:
- Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа тухайн хэргийн нийгмийн хор аюул арилсан байх;
- Хүн, хуулийн этгээдийг удаан хугацаанд хэрэгт холбогдуулж шалгахыг хязгаарлах, хэргийг аль болох богино хугацаанд шийдвэрлэх[2], эрүү шүүлтээс ангид байх, урьдчилан сэргийлэх;
- Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан хугацаанд, түргэн шуурхай явуулах;
- Гэмт хэрэг үйлдсэн хүн засарч, хүмүүжсэн байх хугацаа;
- Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлсэн атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хугацаа алдахаас сэргийлэх;
- Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний улмаас хэргийн нотлох баримт устах, нотлох баримтын түвшинд үнэлэгдэхгүй байх, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл учрах нөхцөлийг харгалзах;
- Гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийгээгүй тохиолдолд зохих хугацааны дараа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зэрэг агуулгатай байна.

Энэхүү судалгаанд арга зүйн хувьд дараах хоёр үндэслэлийг баримтлав. Үүнд:
1. Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, шийтгэх тогтоолыг үл биелүүлэх хугацаа гэж хоёр ангилах[3] бөгөөд эдгээр нь гарах эрх зүйн үр дагавар, хугацаа тоолох журмаараа нийтлэг боловч эхнийх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай, удаах нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас чөлөөлөх тухай буюу хөөн хэлэлцэгдэж буй асуудлаараа хоорондоо ялгаатай. Хөөн хэлэлцэх хугацааны энэхүү төрлүүд үндэсний болон гадаадын хууль тогтоомжуудад хэрхэн тусгагдсан талаар авч үзсэн.
2. Нийгмийн харилцаанд оролцож буй этгээдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон хэм хэмжээг материаллаг хэм хэмжээ гэж, харин шүүх, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль хэрэглэн, шийдвэр гаргах харилцааг журамласан хэм хэмжээг процессын хэм хэмжээ гэж нэрлэдэг нь эрх зүйн онолд тогтсон ойлголт юм. Тэгвэл энэхүү судалгааны хүрээнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангилал болон оногдуулж болох ялын төрөл, түүний дээд, доод хэмжээтэй уялдуулж тогтоосон эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг материаллаг хэм хэмжээнд, харин уг хугацааг хэрэглэх журмыг тогтоосон /тоолж эхлэх, тасрах, зогсоох болон хэрэглэхгүй буюу тоолохгүй байх, хязгаартай тоолох, тасарсан тохиолдолд шинээр тоолох, зогссон тохиолдолд сэргээн тоолох/ хэм хэмжээг процессын хэм хэмжээнд тус тус хамааруулж, ангилан авч үзсэн бөгөөд энэ нь дэлхийн олон орны эрүүгийн хуульд түгээмэл хэрэглэгддэг зохицуулалтын арга юм.
Монгол Улсын орчин цагийн эрүүгийн эрх зүйн эх сурвалжуудад гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны материаллаг болон процессын хэм хэмжээг хэрхэн хуульчилсан, онцлог болон ялгаатай зохицуулалтуудын талаар дээрх агуулгыг шалгуур болгож судаллаа.

Үндэсний Эрүүгийн хуулиуд дахь хөөн хэлэлцэх хугацааны
зохицуулалт, онцлог, ялгаа

Судлаачид Монгол Улсын орчин цагийн эрүүгийн эрх зүйн эх сурвалжуудыг (1) шинэ үеийн, (2) нэн шинэ үеийн гэж[4] ангилжээ. Шинэ үеийн буюу 1926, 1929, 1934 оны БНМАУ-ын Шүүх цаазын бичиг, 1942, 1961, 1986 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулиуд, нэн шинэ үеийн буюу 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудад[5] гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, уг хугацааг хэрэглэх журмыг хэрхэн хуульчилсан, ялгаатай болон онцлог зохицуулалтын талаар авч үзье.
Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 1926, 1929, 1934 онуудад БНМАУ-ын Шүүх цаазын бичиг нэртэйгээр, 1942, 1961, 1986 онуудад БНМАУ-ын Эрүүгийн хууль, 2002, 2015 онд[6] Монгол Улсын Эрүүгийн хуулиудыг тус тус батлан, мөрдүүлж иржээ. Эдгээр хуулиудад гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулалтууд тусгагдаж, улам боловсронгуй болсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолууд нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг судлах чухал эх сурвалжууд болсон.
Монгол Улсын эрүүгийн эрх зүй дэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ойлголт эртнээс тогтсон, бусад орнуудаас өөрийн гэсэн онцлогтой, өөр хоорондоо ялгаатайгаас гадна эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацааны талаар анх 1926 оны Шүүх цаазын бичигт тусгагдсанаас хойш орчин цагийн нийт 8 удаагийн /1926-2015 он/ бие заасан Эрүүгийн хуулиудад гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтууд нарийвчлан хуульчлагдсаар иржээ.
Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хугацаа, ялаас чөлөөлөх хугацаа гэж хоёр ангилдаг бөгөөд 1926, 1929 оны Шүүх цаазын бичиг, 2015 оны Эрүүгийн хуулиудад ялаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулаагүй, харин эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааны талаар дээрх 8 удаагийн Эрүүгийн хуулиудад тусгагдсан байна.

Хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон материаллаг хэм хэмжээ

Энэхүү судалгаанд гэмт хэргийн ангилал болон шүүхээс оногдуулж болох ял шийтгэлийн дээд, доод хэмжээг харгалзаж хөөн хэлэлцэх тодорхой хугацаа тогтоосон зохицуулалтыг материаллаг хэм хэмжээнд хамаатуулж үзсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиас бусад бүх хуулиудад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн тусгай ангид зааснаар шүүхээс оногдуулж болох ялын төрөл, хэмжээний дээд, доод хязгаарыг харгалзаж 3-5 төрлийн, 6 сараас 25 жилийн хугацаатай хөөн хэлэлцэх хугацааг тогтоож байжээ. Харин 2002 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо гэмт хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд ангиллыг харгалзаж үзсэн нь мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдэд нийтлэг байдлаар хамаарч, улмаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхтэй холбоотой хуулийн хийдэл үүсэхгүй байх онцлог зохицуулалт болсон.
Хөөн хэлэлцэх хугацаа гэсэн нэр томьёог анх удаа 1961 оны Эрүүгийн хуульд тусгасан байна. Харин 1934 оны Эрүүгийн хуульд уг хугацааг “он удсаны хугацаа” гэж нэрлэсэн нь хэл зүйн үүднээс уламжлал, онцлогоо хадгалсан, оновчтой томьёолол гэж үзэхээр байна.
Ялаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааны хувьд 1934 оны Шүүх цаазын бичигт анх удаа хуульчилсан бөгөөд гэмт хэргийн ангилал болон түүнд оногдуулж болох ялын төрөл, дээд, доод хэмжээг харгалзахгүйгээр 1 төрлийн буюу 10 жилийн хугацаа тогтоосон нь 1942 оны хуульд ижил утгаар тусгагджээ. Харин энэ хугацаа 1926, 1929 оны Шүүх цаазын бичиг, 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй бөгөөд 1961, 1986 оны Эрүүгийн хуулиудад шүүхээс оногдуулсан ялын төрөл, тэдгээрийн дээд, доод хязгаарыг харгалзаж шийтгэх тогтоолыг үл биелүүлэх буюу ялаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон бол 2002 оны Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллыг үндэс болгож тогтоосон атлаа ялаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон хорих ялын хэмжээг харгалзаж 4 төрлөөр /3-15 жил/ тогтоосон байна.

Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх журам тогтоосон процессын хэм хэмжээ

Энэхүү судалгааны хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх, тасрах, зогсоох, хэрэглэхгүй буюу тоолохгүй байх, хязгаартайгаар тоолох журмыг хөөн хэлэлцэх хугацааны процессын хэм хэмжээнд хамааруулж үзсэн бөгөөд эдгээр нь хэрхэн хуульчлагдсан талаар хэм хэмжээний түвшинд судалгаа хийв.

1) Хугацааг тоолж эхлэх: 1926, 1929 оны Шүүх цаазын бичгүүд, 1986 оны Эрүүгийн хуульд уг хугацааг гэмт хэрэг гарсан өдрөөс тоолохоор тодорхой тусгасан бол 1934 оны Шүүх цаазын бичиг, 1942, 1961, 2002 оны Эрүүгийн хуулиудад гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гэх харьцангуй тодорхой бус томьёоллыг хэрэглэжээ. Энэ ойлголтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолоор тайлбарлаж, "гэмт хэрэг үйлдсэнээс хойш" гэдгийг "тухайн гэмт хэргийг үйлдэж дууссан өдрийн 24 цаг өнгөрмөгц" гэж, мөн гэмт хэргийн хор уршиг хэзээ бий болсноос үл хамааран үйлдэж дууссан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолохоор, гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн, завдсан болон хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн болон давтан, удааширсан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх хугацааг тогтоосон нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чухал ач холбогдолтой болжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно" гэж тодорхой хуульчилсан байна.

2) Хугацаа тасрах, шинээр тоолох: 1926, 1929 оны Шүүх цаазын бичгүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тасрах тухай хуульчлагдаагүй. Харин 1934 оны Шүүх цаазын бичигт анх удаа хөөн хэлэлцэх хугацаа тасрах зохицуулалтыг хуульчилсан байна.
Хөөн хэлэлцэх хугацаа тасрах тухай ойлголтыг 1942 оны Эрүүгийн хуульд "он улирсан хугацаа" гэж томьёолсон бөгөөд 1961, 1986, 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудад энэ талаар ялгаатай хуульчлагджээ. Тухайлбал 1934 оны Шүүх цаазын бичиг, 1942 оны БНМАУ-ын Эрүүгийн хуульд эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн бол сүүлийн гэмт хэрэг нь эхний гэмт хэрэгтэй нэг төрлийн, эсхүл түүнээс хүнд /ялтай/ гэмт хэрэг байвал, сүүлийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс өмнөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор, 1961, 1986 оны Эрүүгийн хуульд эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сүүлийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн хугацааг шинээр тоолохоор, 2002 оны Эрүүгийн хуульд эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад гэмт хэргийг санаатай үйлдвэл хугацааг сүүлчийн хүнд /ялтай/ гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шинээр тоолохоор, харин болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл хугацаа тасрахгүй /УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолыг харах/ бөгөөд эхний болон сүүлд үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зэрэгцүүлэн тоолохоор тус тус хуульчилжээ.
2015 оны Эрүүгийн хуульд энэ асуудлыг өмнөх хуулиудаас ялгаатай зохицуулсан бөгөөд эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарч, сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолохоор хуульчилсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасрах, улмаар шинээр тоолох оновчтой зохицуулалт болсон байна. Харин эхний гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасрах тухай зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

3) Хугацааг зогсоох, сэргээн тоолох: 1926, 1929, 1934 оны Шүүх цаазын бичиг, 1942 оны БНМАУ-ын Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох тухай зохицуулалт байхгүй. Энэ асуудлыг 1961 оны Эрүүгийн хуулиас эхлэн анх зохицуулж ирсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд оргон зайлсан тохиолдолд хэрэглэгддэг зохицуулалт юм. 1961, 1986, 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оргон зайлсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох ба уг этгээд баригдсан, хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хугацааг сэргээн тоолно. Хөөн хэлэлцэх хугацааг зогсоох зохицуулалт нь уг хугацаа тасрах зохицуулалтаас өмнөх хугацааг тасалдуулахгүй, харин өмнө нь тоолж байсан хугацааг оруулж, үргэлжлүүлэн буюу сэргээн тоолдгоороо ялгаатай бөгөөд энэ талаар Улсын дээд шүүх тайлбартаа тодорхой тусгаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангажээ.
2015 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, сэргээн тоолох зохицуулалт хуульчлагдаагүй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатнаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн оргон зайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчлаагүйтэй холбоотой.

4) Хугацааг тоолохгүй байх: Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй буюу тоолохгүй байх зохицуулалтыг анх 1942 оны Эрүүгийн хуульд хувьсгалын эсэргүү гэмт хэргүүдэд /тусгай ангийн 1 дүгээр бүлэгт заасан 15 гэмт хэрэг/ “он удаж, улирсан хугацааг үл хэрэглэнэ” гэж хуульчилсан байна. 1961, 1986 оны Эрүүгийн хуулиудад цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг харгалзаж уг хугацааг хэрэглэхгүй, тоолохгүй байхаар хуульчилсан анхдагч зохицуулалт мөн бөгөөд хэрвээ шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэж үзвэл цаазаар авах ялын оронд хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
2002 оны Эрүүгийн хуульд 1961, 1986 оны дээрх уламжлалт зохицуулалт хадгалагдсанаас гадна хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй гэж заасан. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2391 (XXIII) дугаар тогтоолоор 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж, 1970 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенцын[7] заалтыг биелүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 30 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй тухай ойлголт юм.
2015 оны Эрүүгийн хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж хуульчилсан нь өмнөх зохицуулалттай агуулгын хувьд төстэй боловч Монгол Улс цаазаар авах ялыг халсан, бүх насаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй талаар шууд хориглосон буюу императив хэм хэмжээг шинээр зохицуулснаараа онцлогтой байна. Үүнээс өмнөх Эрүүгийн хуулиудад цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг байсан.

5) Хугацааг тодорхой хязгаартай тоолох: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж шинээр хуульчилсан. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа эл агуулгаар хуульчлагдсан боловч уг заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр “...анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл" гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцаад “...яллагдагчаар татах хүртэл” гэж дахин өөрчилж, хуульчилж байв.
Үүнтэй зэрэгцэж Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд “...хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж хуульчилсан нь хуульчдын дунд ихээхэн маргаан өрнүүлсэн боловч дагаж мөрдөх журмын тухай уг хуулийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан өдрөөс нь хүчингүй болгож, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор журамлан тогтоосон нь хугацааг хязгаартайгаар тоолох онцлогтой зохицуулалт болжээ. Хууль тогтоогч зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт хэрэглэхгүй буюу тоолохгүй талаар хуульчилсан бол бүх насаар хорих ял оногдуулахаар заасан, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргээс бусад бүх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой хязгаартайгаар буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолж, яллагдагчаар татах тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар хуульчилжээ.
Харин яллагдагчаар татсанаас хойш уг хугацааг ямар ч нөхцөлд шинээр, эсхүл сэргээн тоолохгүй бөгөөд үүгээрээ энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасрах, зогсох зохицуулалтаас ялгаатай, мөрдөн шалгах тодорхой ажлыг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх зохицуулалт юм.
2015 оны Эрүүгийн хуулийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дээрх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй." гэсэн зохицуулалттай хамт, уялдуулж хэрэглэх нь хүн, хуулийн этгээдийн холбогдсон хэргээ аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэх үндсэн эрхийг хангах чухал ач холбогдолтой. Мөн хуулийн 30.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана” гэж хуульчилсан байдаг.
Үүнээс үзвэл гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн (1) тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай хамт (2) мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийт хугацаа зэрэгцэн тоологдох бөгөөд гэмт хэргийг мөрдөн шалгах нийт хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаагаар хязгаарлагдана. Тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу уг хэргийн мөрдөн байцаалтын нийт хугацаа дууссан тохиолдолд хэргийг мөрдөж шалгах хугацааг сунгахгүй. Энэ нь дурдсан хугацаанд цуглуулсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүхэд шилжүүлэх гэсэн давхар агуулгыг илэрхийлсэн бөгөөд уг хугацаа дууссаны дараа бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримт нотлох чадвараа алдах онцлогтой хууль хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой зохицуулалт болжээ.
Хөөн хэлэлцэх хугацааг тодорхой хугацаанд хязгаартайгаар тоолох буюу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах, сэжигтнийг баривчлах, яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг эхлүүлэх, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, заримдаа хохирогчийг тодорхой насанд хүрэх хүртэл, эсхүл хор уршиг илрэх боломжит хугацааг харгалзан тоолох зохицуулалт нь дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд энэ нь манай орны эрүүгийн эрх зүйн хөгжилд анх удаа хуульчлагдсан хэдий ч эрүүгийн эрх зүйн онолд цоо шинэ ухагдахуун биш юм.

Гадаадын зарим улсын Эрүүгийн хуулиуд дахь хөөн хэлэлцэх хугацааны онцлог зохицуулалтууд

Англи-Америкийн эрх зүйн бүлд хамаарах улс орнуудад хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хязгаарлагдмал хүрээнд /зарим гэмт хэргүүдэд/ хэрэглэгддэг бол харин эх газрын буюу Ром-Германы эрх зүйн системтэй орнуудад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ойлголт эртнээс төлөвшсөн, өргөн хүрээнд хэрэглэгддэгийг Европын дийлэнх орнууд авч нутагшуулснаар улс орон бүр өөрийн эрх зүйн тогтолцооны онцлогтой уялдуулж хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх материаллаг болон процессын хэм хэмжээнүүдийг эрүүгийн хууль тогтоомжууддаа тусгасаар иржээ.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх ойлголт анх эртний Ромд бий болж улмаар эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хууль тогтоомжуудад тусгалаа олж эхэлсэн.
Эрүүгийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаар олон үзэл, хандлага байдгийн нэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацааны дараа тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул арилдаг гэж үздэгтэй холбоотой.[8] Энэхүү хандлагыг шүүмжлэгчид гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тодорхой хугацаанд үргэлжилдэггүй, цаг хугацааны явцад алга болдоггүй, харин гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг мөчид л нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох боломжтой байдаг[9] гэж үздэг бол зарим улс орон, тухайлбал ХБНГУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэзээ үйлдэгдэхээс үл хамааран хор уршиг илэрсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр хуульчилсан нь ихээхэн онцлогтой.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагад татах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, ач холбогдолгүй гэж зарим судлаачид тайлбарладаг[10] бол гэмт хэрэг үйлдсэн этгээд хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдээгүй, нийгэмд хор аюул учруулаагүй бол түүний үйлдсэн гэмт хэрэгт зохих хугацааны дараа хариуцлага хүлээлгэх үндэсгүй, энэ нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үздэг хандлага ч бий.[11] Дэлхийн ихэнх орнуудад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг хууль ёсны зарчимд нийцнэ гэж үздэг бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг уг үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүнийг цээрлүүлэх, ял шийтгэл гарцаагүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн эрх зүйн суурь зорилгыг үгүйсгэж, шударга ёсны зарчмыг алдагдуулдаг гэж үздэг хандлага ч байна.
Үүнээс гадна, уг хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулах, гэмт хэргийн ул мөр арилах, нотлох баримт устгагдах, гэрчээс үнэн зөв мэдүүлэг авахад төвөг учруулдаг зэрэг бэрхшээл тохиолддог талаар судлаачид тэмдэглэжээ. Гэмт хэргийн нийгмийн хор аюул нь цаг хугацааны явцад арилахгүй байх, улмаар хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх нөхцөлүүдийг хууль тогтоомжоор тогтоож болох бөгөөд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм.[12]
Судалгаанд хамрагдсан[13] Швед, Нидерланд, Аргентин, Швейцар, Хятад, Тайланд, Австри, Польш, Беларус, Казахстан, ОХУ, ХБНГУ зэрэг 12 улсын эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулалтаас үзвэл, тухайн асуудлыг нийтлэг байдлаар Эрүүгийн хуулийн хэмжээнд, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй болон шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж үл болох хөөн хэлэлцэх хугацааны талаар тус тус нарийвчлан тусгаж, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангилал болон түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын дээд, доод хэмжээнд уялдуулан тогтоосон, уг хугацааг тоолж эхлэх, тодорхой хугацааны дараа эсхүл, тодорхой үйл баримт тогтоогдох хүртэл тоолох, хугацаа тасрах, зогсоох, түдгэлзүүлэх, тасалдуулах, тоолохгүй буюу хэрэглэхгүй байх, хязгаартайгаар тоолох зохицуулалтуудыг өөрийн орны эрх зүйн тогтолцоонд тохируулан, зохицуулалтын тодорхой аргыг сонгож хуульчилсан байдаг. Тухайлбал, Шведийн Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг сэжигтнийг цагдан хорьсон, яллагдагчаар татах хүртэл тоолж, хорих ялын дээд, доод хэмжээнд уялдуулж тогтоон, хүнийг алах, хүчиндэх, хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэггүй, хүчиндэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэргийн хохирогч нь 18 насанд хүрсэн үеэс эхлэн тоолохоор зохицуулсан байна.
Нидерландын Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэгт 3 жил, бусад гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд, доод хэмжээг харгалзаж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон бол уг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоолохоор, тухайлбал ундны ус, газрын хөрс бохирдуулах, байгаль орчны эсрэг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гомдол, мэдээлэл гаргасны дараагийн өдрөөс эхлэн, хүн барьцаалах гэмт хэрэгт хохирогчийг аварсан, чөлөөлсөн, эсхүл хохирогч нас барсан бол дараагийн өдрөөс эхлэн, хүний эд эрхтнийг зэрэмдэглэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хохирогч 18 насанд хүрсний дараагийн өдрөөс эхлэн тоолж байхаар хуульчилжээ.
Улс орнуудын Эрүүгийн хууль тогтоомжид хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмууд нь ялгамжтай, өөр өөрийн онцлог зохицуулалтуудтай байна. Өмнө нь дурдсанчлан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой эрүүгийн эрх зүйн зохицуулалтуудыг материаллаг /нийт хугацааг тогтоосон/ болон процессын /хугацааг хэрэглэх журам тогтоосон/ шинжтэй гэж хоёр ангилж болох бөгөөд уг хугацааг тогтоохдоо (1) гэмт хэргийн ангилал, (2) оногдуулж болох ялын төрөл, түүний дээд, доод хэмжээ, (3) тэдгээрийн аль алийг нь хослуулж, (4) эсхүл тодорхой гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үнэлж, шалгуур болгож хэрэг тус бүрээр, ялгамжтайгаар 3-7 төрлийн, 3 сараас 25 жил хүртэл, эсхүл хохирогч 18 нас хүрсэн үеэс эхэлж, 30-35 нас хүртэл тоолох зохицуулалтын аргуудыг гадаадын Эрүүгийн хуулиудад өргөн хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн хор аюулыг шалгуур болгон хэрэг тус бүрээр ялгамжтай тогтоох хандлага давамгайлсан байна.
Тухайлбал, Туркменистан, Эстони зэрэг улсууд 3 төрлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад орнууд, ОХУ, Дани зэрэг улс 4 төрлийн, Австри, Албани, Аргентин, Болгар, Герман, Литва, Монгол, Украин зэрэг улсууд 5 төрлийн, Бразил, Итали зэрэг улсууд 5 төрлийн, Сан Мариногийн Эрүүгийн хуульд 7 төрлийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоож хуульчилжээ.
Хөөн хэлэлцэх хугацааны доод хэмжээг тогтоосон байдлыг авч үзвэл, Филиппинд 2 сар, Латви, Туркэд 6 сар, Австри, Вануату, Испани, Лаос, Польш, Руанда, Сан Марино зэрэг орнуудад 1 жил, Азербайжан, Албани, Аргентин, Армен, Беларусь, Болгар, Гүрж, Бразил, Дани, Итали, Казахстан, Хятад, Литва, Македон, Нидерланд, Норвеги, ОХУ, Румын, Украйн, Финланд, Хорват зэрэг орнуудад 2 жил, Унгар, Герман, Камбож, Узбекистан, Чехэд 3 жил, Колумб, Эстонид 5 жил байна. Хөөн хэлэлцэх хугацааны дээд хэмжээг тогтоосон байдлыг авч үзвэл Камбож, Руанда, Эстонид 10 жил, Азербайжан, Аргентин, Армен, Беларусь, Дани, Казахстан, Лаос, Латви, Литва, ОХУ, Румын, Узбекистан, Украин зэрэг улсуудад 15 жил, Нидерланд 18 жил, Австри, Албани, Бразил, Вануату, Унгар, Итали, Испани, Хятад, Филиппин, Финлянд, Чех, Швейцар зэрэг орнуудад 20 жил, Гүрж, Молдав, Норвеги, Турк, Хорват, Шведэд 25 жил, Герман, Колумб, Македон, Польш зэрэг оронд зарим гэмт хэргийн хохирогчийг 30 нас хүртэл, Босни Герцеговина, Болгар зэрэг оронд зарим хэргийн хохирогчийг 35 нас хүртэл тоолохоор тус тус хуульчлагджээ.
Улс орнууд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх журмыг зохицуулсан хэм хэмжээнд тухайн хугацааг тоолж эхлэх талаар ялгамжтай зохицуулалтуудыг хийжээ. Тухайлбал ихэнх улсуудад гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн уг хугацааг тоолж эхлэх бол зарим улс оронд гэмт хэрэг үйлдсэн өдрийн дараагийн өдрөөс эхлэн, эсхүл тодорхой хэрэг бүрд тухайн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзаж өөр өөр хугацаанд тоолж эхлэхээр хуульчилсан байна. Зарим улс орнууд гэмт хэрэг хэзээ үйлдэгдэж дуусан үеэс үл хамааран тухай гэмт хэргийн хор уршиг илэрсэн үеэс гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх бол, ихэнх орнуудад бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, эмэгтэйчүүд, хүүхдийн бие махбод, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдэд тухайн хэргийн хохирогч 18 нас хүрсэн үеэс эхлэн 30, 35 нас хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтуудыг тусгасан нь онцлогтой байна.
Австри, Герман, Итали, Турк, Норвег, Мексик, Итали, Испани, Бразил, Швейцар зэрэг орнуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалбар болдог зохицуулалтууд тусгагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байх буюу хязгаартайгаар тоолох ойлголт улс орон бүрийн Эрүүгийн хууль тогтоомжуудад өөр өөр онцлогтойгоор зохицуулагдсан.
Шийтгэх тогтоолыг биелүүлж үл болох буюу ялаас чөлөөлөх хугацааг тоолохдоо, жишээлбэл Литва улсад шүүхийн шийтгэх тогтоол гарснаар, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад орнуудад шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор тоолж эхлэхээр заасан нь манай шинэ үеийн болон нэн шинэ үеийн Эрүүгийн хуулиудад тусгагдсантай ижил агуулгатай байна.
ХБНГУ-д гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдтэй холбоотой аливаа процессын шинжтэй үйл ажиллагааг эхлүүлснээр, Болгар улсад эрх бүхий байгууллага тодорхой нэг этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээр, Гүрж улсад яллагдагчаар татсанаар, Испанид эрүүгийн хэрэг үүсгэснээр, Латви улсад яллах дүгнэлт үйлдсэнээр, Нидерланд улсад гэмт хэргийн талаар мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг тасалж, цаашид тоолохгүй байх зохицуулалтууд тусгагджээ.
Герман, Нидерланд, Турк зэрэг улс орнуудын Эрүүгийн хуулиудад хөөн хэлэлцэх хугацаа тасрах зохицуулалтыг хуульчилсан бөгөөд шинээр тоолох нөхцөлийг тусгайлан хуульчилсан нь манай улсынхтай адилхан агуулгатай байна. Австри зэрэг зарим орнуудад эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд хөөн хэлэлцэх хугацаа тасрахгүй бол Испани, Норвег зэрэг улс орнуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд хөөн хэлэлцэх хугацаа тасрах ёсгүй гэж хуульчилжээ. Зарим тохиолдолд эрүүгийн мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхийн шийдвэргүйгээр дуусгавар болж, сэргээн шалгагдах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолдог /Испани, Норвег/ байна.
Австри улсад шинээр үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж нь өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинжтэй ижил байвал, харин Казахстан, Армени, Перу, Беларусь зэрэг улс орнуудад өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс хамаарч өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс шинээр тоологдохоор тусгагджээ. Харин Гүржийн Эрүүгийн хууль тогтоомжид тийм зохицуулалт байхгүй бөгөөд гэмт хэрэг тус бүрийн хөөн хэлэлцэх хугацааг зэрэгцүүлэн тоолдог ажээ.
Дэлхийн II дайны үед хүн төрөлхтний эсрэг болон дайны олон тооны гэмт хэрэг үйлдэгдсэнтэй холбоотойгоор олон улсын эрх зүйд тухайн төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх тухай ойлголт бий болсон. Энэ талаар 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц, 1974 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон цэргийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх тухай конвенц, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм зэрэг олон улсын хэм хэмжээний актуудад тусгагдсан. Эдгээр зохицуулалтуудыг улс орнууд өөрийн Эрүүгийн хуульд тусгаж биелүүлэн, тухайн төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар нийтлэг тусгажээ.
Дэлхийн олон орнуудын Эрүүгийн хууль тогтоомжуудад цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан онц хүнд гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар зохицуулсан. Австри, Герман, Турк зэрэг орнуудад уг харилцааг императив хэм хэмжээгээр хориглосон байдаг бол ОХУ, Украйн, Казахстан, Латвия зэрэг улс орнууд цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилжээ. Норвег, Нидерланд, Швед зэрэг орнуудад бүх хүнд ангиллын хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхаар, Бразилд Үндсэн хуульт тогтоолцоо болон ардчиллын эсрэг зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж, Герман, Унгар улсуудад хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж тус тус хуульчилсан байна.

ОХУ-ын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зарим зохицуулалт

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар: Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар анх 1775 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Екатерина II хатан хааны зарлигийн 44 дүгээр зүйлд тусгагдсан. ЗХУ-ын хууль тогтоомжуудад хөөн хэлэлцэх хугацааны талаар 1922 оны Эрүүгийн хуулийн 21-22 дугаар зүйлүүдэд орчин үед хэрэглэгдэж байсан уг агуулгаар нь анх зохицуулсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 1996 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд энэ талаар хуульчилжээ.[14]
ОХУ-ын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
- Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хоёр жил;
- Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан жил;
- Хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван жил;
- Онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тоолно" гэж заасан. Энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг тус бүрээр шинээр, сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхэлнэ гэж зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар бусад улс орнуудын жишгээр хүн төрөлхтний эсрэг, терроризм, түрэмгий дайн өдөөх, төрлөөр устгах зэрэг гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй, хэрэглэхгүй. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болгосон үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх урьдчилсан нөхцөлд энэ талаар яллагдагчаас зөвшөөрөл авах талаар хуульчилсан бөгөөд хэрэв яллагдагч эс зөвшөөрсөн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэн явуулж шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно гэж хуульчилжээ.

Ялаас чөлөөлөх хугацааны талаар: ОХУ-ын Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар ялтныг ял эдлэхээс чөлөөлөх зохицуулалтыг хуульчилжээ. Үүнд:
1. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс дараах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр ялтныг ял эдлэхээс чөлөөлөх үндэслэл болно.
- Хөнгөн гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш хоёр жил;
- Хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш зургаан жил;
- Хүнд гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш арван жил;
- Онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш арван таван жил.
2. Ялтан ял эдлэхээс оргон зайлсхийсэн тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг биелүүлэх хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Энэ тохиолдолд яллагдагч баривчлагдсан, эсвэл цагдан хоригдсоноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох боловч (ял эдлэхээс зайлсхийхээс) өмнө тоологдсон хугацааг оруулж тоолохоор хуульчилжээ. Хэрэв ялтны ял эдлэх хугацааг хуульд зааснаар хойшлуулсан бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоох ба Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн 3, 4 хэсэг, 82 дугаар зүйлийн 3.4-д зааснаас бусад тохиолдолд ял эдлэх хугацааг хойшлуулсан хугацааг хүчингүй болгосноор уг хугацаа сэргээн тоологдоно гэж зохицуулжээ.
Цаазаар авах, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн этгээдэд ялаас чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүхээс уг ялтанд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд уг ялыг нь тодорхой хугацаагаар хорих ялаар солино. Түүнчлэн хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтны хувьд шийтгэх тогтоол биелүүлэхгүй байх хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй гэж хуульчилжээ.

ХБНГУ-ын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зарим зохицуулалт

ХБНГУ-ын Эрүүгийн хууль нь Германы эзэнт гүрний үеэс улбаатай, дэлхийн хамгийн эртний үеийн эрүүгийн хуулиудын нэг юм. 1871 оны 5 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор хэвлэгдсэн бөгөөд бүх Герман улсын анхны нэгдсэн Эрүүгийн хууль ч гэж нэрлэгддэг. Уг Эрүүгийн хуульд 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Холбооны хуулиар томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бол хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар батлагдан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж эх сурвалжид тэмдэглэжээ. Эх сурвалжуудад уг хуульд нийт 200 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж боловсронгуй болсон гэсэн мэдээлэл[15] тусгагдсан байна.
ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлгийн 78 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт: "хөөн хэлэлцэх хугацаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байх үндэслэл болно" гэж хуульчилсан бол 2 дахь хэсэгт” “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй” гэж хуульчилжээ.
Хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хөөн хэлэлцэх хугацааг:
- Бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 30 жил өнгөрсөн (Бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 1945 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1949 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааг оруулан тоолохгүй);
- Хорих ялын дээд хэмжээг 10 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 20 жил өнгөрсөн;
- Хорих ялын хэмжээг 5-10 жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 10 жил өнгөрсөн;
- Хорих ялын хэмжээг 1-5 жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн;
- Бусад гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж шүүхээс оногдуулж болох хорих ялыг дээд, доод хэмжээнд уялдуулж 3-30 жилийн хугацаатай хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.

ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх талаар тусгайлан зохицуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг гэмт үйлдэл төгссөн хугацаанаас эхэлж тоолох боловч гэмт хэргийн хор уршгийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамааруулсан тохиолдолд хор уршиг илэрсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж зохицуулсан нь онцлогтой. Ингэхдээ мөн хуулийн 78b дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн тодорхой хугацаа өнгөрөх хүртэл зогсоож, хуульд заасан хугацаанаас эхлэн шинээр тоолохоор зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 174-174c, 176-178 /бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд/, 180-182 /хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд/ 225 /хэрцгийгээр тамлах/, 226а /хүний эд эрхтнийг зэрэмдэглэх/ ба 237 /эмэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг хүчээр гэр бүл болох/ дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргүүдийн хохирогч нь 30 нас хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар, хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон нөхцөлд /зарим албан тушаалтнуудын онцгой бүрэн эрх, албан тушаалын онцлогтой холбоотой/ хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар тус тус хуульчилжээ.
Холбооны парламент /Бундэстаг/-ын, эсхүл муж улсуудын хууль тогтоох байгууллагын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний эрхэлж байгаа ажил, албан тушаал нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад саад учруулахаар нөхцөлийг бүрдүүлсэн бол түүний үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй, харин түүний бүрэн эрхийн хугацаа дуусмагц хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулсан нь онцлогтой байна.
ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 78c дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар тасрах бүрд түүнийг шинээр тоолох боловч гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг нь гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон зарим гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гурван жил өнгөрвөл мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгохоор журамласан. Уг зохицуулалт 78b-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг хязгаарласан заалтуудад үл хамаарна” гэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй төстэй зохицуулалт юм.
ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд шийтгэх тогтоолыг үл биелүүлэх хөөн хэлэлцэх хугацааны талаар тухайлан хуульчилсан. Шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд эдлүүлэхгүй, бүх насаар нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг гүйцэтгэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй бөгөөд хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. Уг хугацааны талаар:
- 10 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын хувьд 25 жил;
- 5 жилээс 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын хувьд 20 жил;
- 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын хувьд 10 жил;
- 1 жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл бусад хөнгөн ял, 30-аас дээш хоногийн хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн торгууль оногдуулсан шийтгэх тогтоолын хувьд 5 жил;
- 30 хүртэл хоногийн хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн торгууль оногдуулсан шийтгэх тогтоолын хувьд 5 жил байна;
- Зан үйлд нь хяналт тавих тухай бусад шийдвэр, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодисын хамаарлаас эмчлэх эмнэлгийн байгууллагад анх удаа албадан эмчлүүлэх тухай шийдвэрийн хувьд 5 жил байна гэж тус тус зохицуулжээ.

ЭХ СУРВАЛЖ:

- Б.Баярсайхан нар, Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009 он), УБ., 2011 он, Хууль зүйн үндэсний хүрээлэн.
- Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 20 дугаар тогтоол,
- Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журмын талаар анхаарах зарим асуудлын  тухай” 2 дугаар зөвлөмж,
- Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа: тулгамдаж буй асуудал, судалгааны сан: ЭХ/00/2021/03/07,
- Шинэ болон нэн шинэ үеийн эрүүгийн хуульд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байдал, ДХИС-ийн докторант Г.Халиунаа,
- Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа, Б.Ариунжаргал нар,
- Эрүүгийн хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал хүний эрхийг зөрчих нь, Г.Халиунаа /2019-03-04/,
- Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон цэргийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх тухай Европын конвенц, 1974,
- Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц 1968,
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 1966,
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2020-01-10/,
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоол,
- А.В. Ендольцева, Ю.В. Ендольцева, Правовые последствия истечения сроков давности совершенного преступления: российский и зарубежный опыт, г.2017, https://mgimo.ru/upload/iblock/20f/endoltseva.pdf?fbclid=IwAR2skZnlibugSkP_bNzuV-lRDXPbpHBNd7nHKi_vzPVD1R7EtW_kIyBvd5k
- П.В. Головненков, УГОЛОВНОЕ УЛОЖЕНИЕ ФЕДЕРАТИВНОЙ РЕСПУБЛИКИ ГЕРМАНИЯ, /https://www.uni-potsdam.de/fileadmin/projects/ls-hellmann/Forschungsstelle_Russisches_Recht/Neuauflage_der_kommentierten_StGB-%C3%9Cbersetzung_von_Pavel_Golovnenkov.pdf?fbclid=IwAR1Ugrisr6tIinDcQIMu-DVZZoodB8-HwtO2uPB5S_LVG1QtTNbtKNzRo0s/
- Витрук Н.В, Общая теория юридической ответственности, 2-е изд., исправленное и доп. М.: Норма, 2009,
- Голоднюк М.Н, Зубкова В.И, Крылова Н.Е и др. Курс уголовного права, В5-ти т, Моск. гос. ун-т им. М.В. Ломоносова. Юрид. фак.; Под ред. Н.Ф. Кузнецовой, И.М. Тяжковой, М.: Зерцало-М, 2002, Т. 2: Общая часть. Учение о наказании,
- Фефелов П.А, Понятие и система принципов советского уголовного права, Высш школа МВД СССР, Свердл, отд-ние, Свердловск: Сред.-Урал. кн. изд-во, 1970,
- Филимонов Д. О. О давности уголовного преследования по уголовному праву, Ученые записки Томского университета, 1957,
- Никифоров Б.С, Освобождение от уголовной ответственности и наказания, Социалистическая законность, 1960.



-оОо-

 
 

[1] Монгол Улсын Дээд шүүх, Авлига болон эдийн засгийн зарим гэмт хэргийн эрх зүйн шинж, шүүхийн практик, Гарын авлага, 2022 он, Улаанбаатар хот, 246-267 дахь тал.
[2] Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын 9 дүгээр зүйлийн 3-т: “Баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт буруутгагдсан ямар ч хүнийг шүүхэд даруй шилжүүлэх бөгөөд хэн боловч хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй." гэж заасан.
[3] Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа: тулгамдаж буй асуудал, судалгааны сан: ЭХ/00/2021/03/07, 6 дахь тал.
[4] Шинэ болон нэн шинэ үеийн эрүүгийн хуульд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан байдал, ДХИС-ийн докторант Г.Халиунаа.
[5] Баярсайхан Б. нар, Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009 он), УБ., 2011 он, Хууль зүйн үндэсний хүрээлэн.
[6] 2017-05-11, 2017-05-18, 2020-01-10-ны нэмэлт өөрчлөлтүүдийн хамт.
[7] Монгол Улс 1969 онд нэгдэн орсон.
[8] Витрук Н.В. Общая теория юридической ответственности, 2-е изд., исправленное и доп. М.: Норма, 2009, 432 с., Трайнин А. Н. Уголовное право: Общая часть, М.: изд-во 1-го Моск. Госуд, ун-та, 1929, C. 488, 511 с, Фефелов П. А. Критерии установления уголовной наказуемости деяний, Советское государство и право, 1970, No 11, С. 105.
[9] Голоднюк М.Н., Зубкова В.И., Крылова Н.Е и др. Курс уголовного права, В5-ти т, Моск. гос. ун-т им. М.В. Ломоносова. Юрид. фак.; Под ред. Н.Ф. Кузнецовой, И.М. Тяжковой, М.: Зерцало-М, 2002, Т. 2: Общая часть. Учение о наказании, 454 с,
[10] Фефелов П.А. Понятие и система принципов советского уголовного права, Высш школа МВД СССР, Свердл, отд-ние, Свердловск: Сред.-Урал. кн. изд-во, 1970, C40-47, 144 с.
[11] Филимонов Д. О. О давности уголовного преследования по уголовному праву, Ученые записки Томского университета, 1957, No33, С108, Никифоров Б.С. Освобождение от уголовной ответственности и наказания, Социалистическая законность, 1960, № 6.
[12] Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон цэргийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх тухай Европын конвенц, 1974, Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, Страсбурк хот.
[13] Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Судалгааны сан: ЭХ/00/2021/03/07
[14] Правовые последствия истечения сроков давности совершенного преступления: российский и зарубежный опыт, А.В. Ендольцева, Ю.В. Ендольцева, г.2017, https://mgimo.ru/upload/iblock/20f/endoltseva. pdf?fbclid=IwAR2skZnlibugSkP_bNzuV-IRDXPbpHBNd7nHKi_vzPVD1R7EtW klyBvd5k
[15] П.В. Головненков УГОЛОВНОЕ УЛОЖЕНИЕ ФЕДЕРАТИВНОЙ РЕСПУБЛИКИ ГЕРМАНИЯ, Стр39, https:// www.uni-potsdam.de/fileadmin/projects/ls-hellmann/Forschungsstelle Russisches Recht/Neuauflage der kommentierten StGB-%C3%9Cbersetzung_von Pavel Golovnenkov.pdf?fbclid=IwAR1Ugrisr6tlinDcQlMu- DVZZoodB8-Hwt02uPB5S LVG1QtTNbtKNzRo0s
бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax