44450 дахь зочин!
avatar

ШҮҮХИЙН СЭТГҮҮЛЗҮЙ

2012-05-03,17:03




ШҮҮХИЙН СЭТГҮҮЛЗҮЙ

(Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулав)

 

  

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бататгах, нэмэгдүүлэхэд шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой

 

“Шүүхийн сэтгүүлч”

            Би сэтгүүлч биш. Олон мянган жилийн түүхтэй дэлхийн сэтгүүлзүйн талаар ч мэдлэггүй. Гэхдээ сэтгүүлзүйн шинжлэх ухаанд “спортын сэтгүүлч”, “улс төрийн сэтгүүлч”, “онлайн сэтгүүлч”, “олон улсын сэтгүүлч”, “парламентийн сэтгүүлч”, “соёл урлагийн сэтгүүлч” төдийгүй сүүлийн жилүүдэд “уул уурхайн сэтгүүлч”, “эко сэтгүүлч” зэргээр яригдах болсныг мэдээллийн хэрэгслүүдээс анзаарсан юм.

            Тэгвэл яагаад манайд “эрх зүйн сэтгүүлч”, “шүүхийн сэтгүүлзүй” буюу “шүүхийн сэтгүүлч” гэж байдаггүй юм бол?

Шүүх эрх мэдлийн мөн чанар, шүүхийн үйл ажиллагааны онцлогийг олон нийтэд зөв таниулах, олон нийтэд шүүхийн талаар эрүүл үзэл бодол төлөвшүүлэх (олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь сэтгүүлзүй мөн учир)-ийн тулд “шүүхийн сэтгүүлзүй” гэх сэтгүүлзүйн төрөл, салбар (техник)-ыг хөгжүүлэн, улмаар шүүхийг мэргэжлийн түвшинд сурвалжилах, сурталчилах, шүүхээс хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах стандартыг төгөлдөржүүлж, тогтоох нь шүүхийн шинэтгэлийг эрчимтэй хэрэгжүүлж буй өнөө үед зайлшгүй анхаарах асуудлуудын нэг юм.

Шинэтгэлийг шүүхэд, түүнд ажиллаж буй шүүгч, ажилтнуудын сэтгэхүйд хийх нь чухал хэдий ч “шүүхийн шинэтгэлийг” олон нийтийн сэтгэлзүйн түвшинд ч хийхэд шүүхийн сэтгүүлзүй тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

 

Өнөөгийн байдал

Өнөөдөр Монголд шүүхийн сэтгүүлзүй зохих ёсоор хөгжөөгүй учир шүүх, хуулийн байгууллагуудын талаар мэдээлэлгүй, материаллаг болон процессийн эрх зүйн талаар мэдлэггүй сэтгүүлч шүүхийн талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх тохиолдол элбэг байна. Тэр хэмжээгээр шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд унах тохиолдол гарч л байна.

Бидний хувьд шүүхийн сэтгүүлзүй нь цоо шинэ зүйл биш юм. Манайд уг чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай байгууллага ч бий. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба 2005 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бол Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба шинээр байгуулагдаж, мэргэжлийн сэтгүүлчийн бүтэц, орон тоотойгоор 2012 оноос эхлэн ажиллаж байна.

Улсын Дээд шүүхийн Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас 2010 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд сэтгүүлчдэд тусгайлсан хөтөлбөрөөр[1] хичээл зааж, зарим шүүхүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцуулж, шүүхийн үйл ажиллагааны онцлог, бусад төрийн байгууллагаас ялгагдах шинж, шүүгчийн ажлын онцлог, ачаалал зэргийг таниулснаар шүүхийн сэтгүүлзүйг төлөвшүүлж, энэ төрлийн сэтгүүлзүйгээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна. Мөн уг албанаас МҮОНРТ-тэй хамтран “Эрх зүйн хөтөч” телесэтгүүлийг бэлтгэж, хүний эрх, эрх чөлөө, шүүх, шүүн таслах ажиллагааны талаар үзэгчдийг тодорхой мэдээллээр хангаж ажиллаж байна.

2009 оноос хойш бүх шүүхүүд өөрийн албан ёсны цахим хуудастай болсон нь шүүхийн онлайн сэтгүүлзүйг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Шүүхийн цахим хуудаснууд ашиглалтанд орсноор шүүхүүдийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, шийдвэрүүд нь цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болсныг ард иргэд тааламжтай хүлээн авсан.

Зарим шүүхүүд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах багтай болж байна. Тухайлбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тус баг 2010 оноос ажиллаж эхэлсэн бол манай шүүх 2011 онд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар “Шүүхийг сурталчилах, сурвалжилах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тусгайлан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнээс гадна, зарим шүүхүүд хэвлэлийн бага хурал хийдэг тусгайлсан зориулалт бүхий танхим, шүүхийн мэдээллийн төвтэй болсон нь шүүхийн сэтгүүлзүй манайд ямар шатандаа хөгжиж байгааг харуулах төдийгүй үүнд шүүхийн байгууллагууд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа нь сайшаалтай.

Шүүхийн сэтгүүлзүйд холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн хувьд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаанд хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагын төлөөлөгч, иргэнийг оролцуулах тухай журам”, 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах, хариу өгөх журам” зэрэг бичиг баримтууд батлагдан мөрдөгдөж байгаа нь шүүх ба хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны стандартыг тогтоох анхдагч баримт бичгүүд мөн боловч өөрчлөлт оруулах замаар шинэчлэх, улам боловсронгуй болгох шаардлага бий.

 

Харьцуулсан судалгаа

ОХУ-д “шүүхийн сэтгүүлзүй” буюу “судебная журналистика” мэргэжлийн өндөр түвшинд хөгжжээ. Тэд шүүхийн сэтгүүлзүйг сэтгүүлзүйн шинжлэх ухааны өөрийнх нь салбарт төдийгүй шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжилд хүртэл онцгой нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.

Үүний нотолгоо нь, Украйнд 2004 онд шүүхийн байгууллагад ажиллагсадын дунд хийсэн нэгэн судалгаанд оролцсон шүүгчдийн тэн хагас нь “сэтгүүлч шүүх хуралдаанд байлцсан нь шүүх хуралдаанд оролцогчид шүүх хуралдааны дэгийг чанд сахих явдалд нөлөөлсөн” гэж хариулсан бол судалгаанд хамрагдагсадын 33 хувь нь “сэтгүүлчид шүүх хуралдаанд оролцсон явдал нь шүүн таслах ажиллагааг илүү ил тод, найдвартай гэх сэтгэгдэлийг бусдад төрүүлсэн” гэж хариулжээ. Мөн уг социологийн судалгааны үр дүнд “шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид нь шүүгч өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа дээшлүүлэх, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц шударга шийдвэр гаргахад нөлөөлдөг”[2] гэж дүгнэн үзсэн байх юм[3].

Энэхүү судалгаанаас үзэхэд, шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг “Нээлттэй шүүх”-ийн нэгэн шалгуур үзүүлэлт мөн гэж үзэхээс өөр аргагүй байна. Бид шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэхгүйгээр шүүх нээлттэй, ил тод байна гэж хэлэх нь өрөөсгөл мэт.

Ардчилсан нийгэмд шүүхийн сэтгүүлзүйн ач холбогдол өндөр юм. Учир нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг олон нийтэд мэргэжлийн өндөр түвшинд таниулах, мэдээллээр хангах, сурталчилах, улмаар шүүх эрх мэдэлд олон нийтийн зүгээс хяналтаа хэрэгжүүлэх боломжоор хангах, шүүхийн ил тод, нээлттэй байдалд шүүхийн сэтгүүлзүй онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дахин тэмдэглэе. Мөн төрийн байгууллагуудын нээлттэй, ил тод байдал нь ардчилсан нийгмийн гол үзүүлэлтүүдийн нэг мөн учир шүүн таслах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байлгахгүй бол “шүүх шударга шийдвэр гаргана” гэх олон нийтийн итгэлийг олж авах боломжгүй. Шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх замаар шүүхийн “жинхэнэ үйл хэрэг”-ийг олон нийтэд зөв таниулж, шүүхийг мэргэжлийн түвшинд сурталчилж, сурвалжилах нь шүүх эрх мэдлийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг мөн.

 

Нэгэн шүүгчийн хэвлэлд өгсөн ярилцлагад шүүхийн үйл ажиллагааны онцлогийг “шүүхээр “ялсан” тал нь шүүх миний эрхийг хамгааллаа гэж хэзээ ч хэлдэггүй, харин “ялагдсан” тал нь шүүх намайг хохироолоо, миний эрхийг хамгаалсангүй гэж байнга гомддог” гэж тодорхойлсон байдаг.

“Хар нь чинийх, цагаан нь минийх” гэх энэ сэтгэлгээ бодит байдлын талаар буруу ойлголт төрүүлэхэд хүргэдэг. Иймээс л шүүхийн үйл ажиллагааны талаарх бодит байдлыг олон нийтэд сонордуулахын тулд мэдээллийг мэргэжлийн түвшинд, тэгш, тэнцвэртэй хүргэдэг шүүхийн сэтгүүлзүйг төлөвшүүлэх хэрэгтэй гэж байгаа юм.

Шүүхийн сэтгүүлзүйд олон улсын шүүхүүд хүртэл анхаарлаа хандуулж, шүүх ба олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцааны тусгай стандарт гаргаж, үйл ажиллагаандаа ашигладаг байна.

 

Сэтгүүлзүй

            Орчин үе бол мэдээллийн эрин үе. Бид, олон нийт өөртөө тусгаж авсан мэдээллээр л аливаа зүйлд үнэлэлт, дүгнэлт өгдөг. Сэтгүүлзүйг интернэтийн нэгэн цахим хуудаст “Нийгмийн аливаа асуудлыг тодорхой эх сурвалжийн хүрээнд, үнэлэлт, дүгнэлт өгч, тайлбарлах замаар нийгмийн бүхий л давхаргын[4] сонорт хүргэхийг  хэлнэ” гэж тодорхойлжээ. Шүүхийн талаарх мэдээллийг нийгмийн бүх давхаргын сонорт хүргэхгүйгээр, шүүхийн талаар зөв таниулан тайлбарлахгүйгээр, шүүхийн талаар “тэнцвэртэй мэдээлэл” түгээхгүйгээр олон нийт “шүүх шударга ажилладаг” гэж шууд дүгнэлт хийж чадахгүй.

Шүүх шударга шийдвэр гаргахын тулд түүний үйл ажиллагаа хамгийн түрүүнд олон нийтэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байхыг шаарддаг.

 

            ОХУ-д шүүхийн сэтгүүлзүй маш сайн хөгжсөн учир шүүхийн сэтгүүлч /судебный журналистик/ хэмээх мэргэжил аль хэдийн бий болжээ. Оросууд шүүхийн сэтгүүлчийг эрх зүйн мэдлэгтэй, хууль зүйн чиглэлээр сонирхож, бичдэг, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, хууль зүйн дүн шинжилгээ хийх чадвар бүхий мэргэжилтэн гэж тодорхойлсон байна.

Оросын телевизүүдийн зарим сурвалжлагуудаас ажиглахад “судебный журналист” нь өмгөөлөгчийн дайтай мэдлэгтэй, асуулт асууж, асуудал дэвшүүлж байгаа нь мэргэжлийн хуульчийн түвшинд хүрчихсэн нь ажиглагддаг. “Шүүхийн сэтгүүлч” буюу “судебный журналист” нь “хуульч-шинжээч” буюу “юрист-аналитик” хүртэл хөгжсөн байдаг байна.

            Оросын сэтгүүлчид “хуульч-шинжээч” буюу “юрист-аналитик”-ийн түвшинд хүртэл хөгжсөн гол “нууц” нь тэдэнд сэтгүүлчээр их дээд сургуульд суралцах явцад “Судебная журналистика” гэсэн сэдвээр хичээл орж, эрх зүйн мэдлэгтэй сэтгүүлчийг бэлтгэдэгтэй холбоотой.

             Манайд спортын сэтгүүлч нь заримдаа улс төрийн тойм бичээд, хуулийн талаар хангалттай мэдлэггүй атлаа зарим эрүү, иргэн, захиргааны хэргүүдийн талаар буруу, ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл бэлтгэдэг нь ажиглагддаг. Эрх зүйн мэдлэггүй сэтгүүлч шүүхийн талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж, иргэдийг төөрөгдүүлдэг тохиолдол ч элбэг.

 

Сэтгүүлч-хуульч-аналитик

            Хүний эрхийн баталгаа болсон “Нээлттэй шүүх”-ийн шалгуур үзүүлэлтүүдийг гүйцэд хангахгүйгээр бид олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бататгаж чадахгүй. Тиймээс шүүхийн сэтгүүлзүйг дээд боловсролын тогтолцоонд нь шингээж хөгжүүлье, шүүхийн (эрх зүйн) мэргэшсэн (хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй) сэтгүүлчдийг бэлтгэе.

            Шүүхийн, эрх зүйн сэтгүүлчдийг бэлтгэхэд шүүхийн байгууллага нь төдийгүй сэтгүүлзүйн дээд боловсрол олгодог их, дээд сургуулиуд нь анхааръя.

Шүүхийн сэтгүүлзүй төдийгүй сэтгүүлзүйн аль ч төрөл, салбараар дагнасан сэтгүүлчид хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байхыг шаарддаг тул сэтгүүлзүйн их, дээд сургуулиудад “Шүүхийн сэтгүүлзүй” гэсэн сэдвээр өргөн агуулгатай хичээл оруулдаг байх шаардлагатай байна.

 

Шүүхээр дагнасан, эрх зүйн өндөр мэдлэгтэй, хууль зүйн дүн шинжилгээ хийх чадвартай, шүүхийн практик сайн мэддэг мэргэшсэн шүүхийн сэтгүүлчидтэй болсноор шүүх эрх мэдлийн шинэтгэл зөвхөн шүүхийн салбарт төдийгүй нийгмийн бусад салбаруудад, мөн олон нийтийн сэтгэлзүйн түвшинд хийгдэх ач холбогдолтой.

 

 

 

2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

 

 

-оОо-

 

 

 


[1] Шүүх эрх мэдэл, Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн гэмт хэргийн тухай ойлголт, Эрх зүй болон шүүхийн тогтолцоо, Шүүхийн хүний нөөцийн асуудал, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, Шүүгч, хуульчийн ёс зүй” зэрэг сэдвүүдээр

[2] Сайт Понимаем права человека,  http://edu.helsinki.org.ua/ru, ОСНОВЫ СУДЕБНОЙ ЖУРНАЛИСТИКИ: ПОСОБИЕ ДЛЯ ЖУРНАЛИСТОВ, Авторы Михаил Буроменский, Александр Сердюк, Ирина Пидкуркова

[3] Энд нэг зүйлийг тодруулан дурдахад, шүүх заавал олон нийтийн сэтгэлзүйг харгалзаж, бас заавал олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдвэр гаргахгүй бөгөөд шүүх зөвхөн хуулинд захирагдаж, хараат бус байх зарчимтай.

 

[4] актуализация мировоззрения социальных групп

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

харин сүүлийн үед их анзаарагдаад байгаам.. олон нийтийн анхааралд байгаа шуугиант хэргүүдэд ядаж анализ хийчихмээр л байгаан.. заавал сэтгүүлчид хийх ёстой гэлгүй хуульчид нь өөрсдөө хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагадаа өгдөг бол бас болношд..
Бичсэн: оргил (зочин) хэзээ: 15:27, 2012-05-07 | Холбоос | |
tsagaa olson ih dajgu sanal bna. jahsi jazilgan!
Бичсэн: Bazar (зочин) хэзээ: 22:11, 2012-05-03 | Холбоос | |



:-)
 
xaax