“ШАР ШУВУУНЫ ӨД”
ШАР ШУВУУНЫ ӨД
Казах түмэн эрт дээр үеэс чихтэй шар шувууг ариун гэгээн, эрдэм номыг илэрхийлэгч, ер бусын ид шидтэй хэмээн сүсэглэн биширч, шар шувууны өдийг буг чөтгөр, муу муухай бүхнийг зайлуулах шидтэй гэж үзэн нярай хүүхдийн хувцас, өлгий, шинээр гэр бүл болж буй хосуудын хувцасны мөр, залуу охид, дуучин, хуурчин, баатар эрчүүдийн малгай, домбор хөгжим, зэр зэвсэг, хурдан морь зэрэг нандигнадаг бүхэндээ зүүж сахиус болгон хэрэглэдэг заншил, уламжлалтай.
Угсаатны зүйч Болат Бопай Казах түмэн чихтэй шар шувууг ер бусын гайхамшигтай гэж сүсэглэдгийн учир шалтгааны талаар ийнхүү тэмдэглэжээ: Монотеист шашнуудын судар бичиг /Коран, Библи, Тора/-т өгүүлснээр газар дэлхий их үерийн усанд автаж, хүн төрөлхтөн болон хуурай газрын амьтад гишгэх газаргүй, оршин тогтнох боломжгүй болсон үед бурхны элч Ной (Ноах, Нух)-гийн бүтээсэн аварга завинд шар шувуу хуурай газар буюу Казгурт уул /зарим эх сурвалжуудад Арарат/-ыг зааж өгсөн гэдэг. Үүнтэй холбоотойгоор бурхны элч Нух чихтэй шар шувуунд “Ой төглийн эзэн нь болоорой, өрх гэрийн сахиус нь болоорой” гэсэн ерөөлийг хайрласан домог бий. Энэ нь чихтэй шар шувууны бусад жигүүртнээс ялгаатай, нүд нь харанхуй шөнөөр харж, нисэх чадвартай нь холбоотой. Тэр утгаараа шар шувуу нь хүн төрөлхтний амьдралын эхийг буюу замыг нь зааж, эхлүүлсэн, бурхны элчээс өршөөл, ерөөл хүртсэн, ариун гэгээн газрыг олоход нь тусалсан жигүүртэн гэсэн итгэл үнэмшил бий болжээ.
Чихтэй шар шувууны өдөнд буй жижиг хээтэй толбо нь Ислам шашны Коран судрын эх бичигдсэн араб үсгийг санагдуулдаг тул сүсэгтэн олон үүнийг Коран судрын нууц хувилбар гэж үздэг. Тиймээс шар шувууны өд дөнгөж төрсөн нярайг буг чөтгөрөөс хамгаалдаг гайхамшигтай гэж итгэн хүүхдийн өлгий, хувцсанд сахиус болгож зүүдэг заншил бий. Хүүхдийн өлгийд шар шувууны өд зүүснээр нялх үрс нь аюулгүй байна гэж итгэдэг байсан тул ээжүүд өлгийтэй хүүхдэдээ санаа зоволгүйгээр ажил төрлөө амжуулдаг байжээ. Энэ нь дээр дурдсанчлан шар шувууны өд нь эзнээ муу бүхнээс хамгаалж байдаг гэсэн итгэл үнэмшлийн илэрхийлэл юм.
Шар шувууны өдийг ихэвчлэн охидын тоорцог малгай, сүйт бүсгүйн хуримын үед өмсдөг малгай буюу “саукеле”-д зүүдэг уламжлалтай. Казахын ёс заншлаар сүй тавих нь худ ургийн харилцааны чухал, нандин эхлэл учраас шар шувууны өдийг гэр бүлийн харилцааны сахиус болгон залуу хосуудын хувцасны мөрөнд зүүдэг ёс жаяг тогтжээ. Шар шувууны өд зүүх нь залуу охиныг сүйт залуутай гэдгийг харуулах бэлгэ тэмдэг болох ба энэ нь шинээр худ ургийн харилцаа тогтоож буй хүмүүсийн харилцаанд чухал ач холбогдолтой заншил. Шар шувууны өд гай гамшгаас хамгаалах, аливаа муу зүйлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай тул бэр гуйх ёсны үеэр шинэ худууддаа хар, цагаан хэл амнаас эргийлж бэлэг болгон барьдаг заншил ч бий. Мөн гэр бүлээ зохиохоор төрөлх гэрээ орхин явж буй бүсгүйчүүд охин дүү нартаа бэлгэшээгээд шар шувууны өдийг тараагаад өгдөг байсан. Шар шувууны өдийг хуримлаж буй бүсгүйд олны өмнө гарахад нь хар хэл ам, муу ёртой бүхнээс хамгаална гэж түүний хуримын үед өмсдөг малгай, гивлүүрт нь зүүдэг ёс заншлыг казах түмэн одоог хүртэл сахисаар байна.
Яруу найрагч Бакыт Беделхан “Шар шувууны үүрэнд ялаа шумуул орохгүй, тоос шороо тогтохгүй тул ариун цэвэр орчинд байсан шувууны өдийг авч “диваажинд байгаа мэт зүүд зүүдлэг" гэсэн итгэл үнэмшлээр хаад, ноёдын охидод дэр хийж өгдөг байсан” хэмээн тэмдэглэжээ.
Дэлхийн олон үндэстэн, угсаатнууд чихтэй шар шувуу нь нууцлаг, ер бусын ид шидтэй шувуу хэмээн үздэг. Чихтэй шар шувуу эрт дээр үеэс хүмүүсийн итгэл үнэмшил, соёлд чухал байр суурь эзэлсээр ирсэн. Жишээлбэл, славянууд түүнийг газар доорх баялгийн хамгаалагч гэж үздэг. Шар шувууг дүрсэлсэн агуйн чулууд сийлсэн зургуудыг Европ, Австрали, Америк зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олж болно. Палеолитын үед хананд сийлсэн шар шувууны дүрс Францын нэгэн агуйгаас олдсон түүх бий. Эртний Грекчүүдийн үзэж байснаар шар шувуу мэргэн ухааны бурхан Афинагийн хамгийн нандин шувуу байв. Христийн шашны нэгэн уламжлалд шар шувуу нь Христийн мэргэн ухааныг илэрхийлдэг гэж өгүүлдэг. Тэд шар шувууг бусад амьтдаас ялгагдах хүч чадал, ид шидтэй гэж шүтэн биширдэг байв. Африкийн зарим омгууд шар шувуу өвчин бүхнийг анагаах гайхамшигтай гэж шүтдэг. Францын Лотаринги мужийн оршин суугчдын дунд шар шувуунд ер бусын гайхамшиг оршдог гэсэн итгэл үнэмшил тархсан тул гэр бүл зохиогоогүй эмэгтэйчүүд ойд очиж, шар шувуунаас ирээдүйн нөхөртэйгөө уулзуулахыг хүсэж залбирдаг байв. Энэтхэгт баялгийн бурхан Лакшми шар шувуунд суугаад нисдэг гэсэн итгэл үнэмшил бий. Орчин цагт ч гэсэн Энэтхэгийн Бенгалын оршин суугчид гэрт нь цагаан шар шувуу орж ирвэл баялаг авч ирнэ гэж итгэдэг. Хятадад шар шувууны дүрсийг аянга цахилгаанаас хамгаалдаг гэсэн итгэл үнэмшлээр байшингийн өнцөг булан бүрд байрлуулдаг байна. Калифорнийн индианчууд чихтэй шар шувууг өндөр модыг хамгаалагчид хэмээн шүтдэг байсан бол Эртний Майячуудын хувьд шар шувуу нь эрх мэдлийн бэлгэдэл байсан тул тулалдаанд эр зоригоороо онцгойрсон апачуудыг шар шувууны өдөөр шагнадаг байжээ.
Шар шувууны өд зүүсэн хүнд золгүй явдал тохилдохгүй, харин аз жаргал, олз, буян, сайн сайхан бүхнийг авчирна гэж итгэж, сүсэглэдэг тул гал голомт, эсгий гэрийн хоймор, ор дэр, хүүхдийн өлгий, хурдан морь, тээврийн хэрэгсэлдээ хүндэтгэн зүүж, байршуулдаг заншил одоог хүртэл оршсоор байна.
С.Өмирбек, Б.Арманбек (2023.10.24)
Эх сурвалж:
• Отырар. Нэвтэрхий толь. – Алматы. «Арыс» хэвлэлийн газар, 2005 ISBN 9965-17-272-2
• https://tengrinews.kz/story/kazak-uk-taguga-nege-kattyi-man-bergen-379850/
• https://qazaly.kz/zanalyk/ruhaniyt/7864-kn-ne-shn-asiet-ttamyz.html
• https://tolqyn.kz/kogam/9991-nege-aza-kn-kiel-s-dep-baalaydy.html