44450 дахь зочин!
avatar

МОНГОЛ ХЭЛНИЙ “ХОЛБОО ҮГСИЙГ” ЗӨВ ТАЙЛБАРЛАЖ, ХЭРЭГЛЭХ НЬ

2015-04-16,14:41



(Эсээ: “Шүүгчдэд зориулсан ганцаарчилсан сургалт”- хөтөлбөрт)

 

            Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол Монгол хэл[1]. Төрийн албан хэрэг хөтлөлт - Монгол хэлээр явагддаг. Бүх хууль тогтоомж Монгол хэл дээр боловсруулагдан батлагдаж, албан ёсоор нийтлэгддэг.[2]

            Эдгээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөв тайлбарлаж, хэрэглэхэд Монгол хэлзүйн мэдлэг, боловсрол чухал ач холбогдолтой юм. Монгол хэлийг сайн эзэмшээгүй хуульч уг хэл дээр албан ёсоор хэвлэгдсэн хууль тогтоомжийг зөв уншиж, ойлгож, агуулга - үзэл санаанд нь нийцүүлэн тайлбарлаж, хэрэглэж чадах эсэх нь эргэлзээтэй.

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. дахь заалтад “монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай байх” нь шүүгчдэд тавих болзол, шаардлагуудын нэг болон хуульчилагдсан нь шинэлэг зохицуулалт байж чадсан юм. Энэхүү болзол, шаардлага бүх хуульчдад тавигдах ёстой. Учир нь, өдөр тутмын амьдралдаа, бидний хэлж заншсанаар “хар яриандаа” Монгол хэлээр ярьж л байвал та Монгол хэлээ сайн “мэддэг” гэж ойлгож болохгүй. Монгол хэл бол тийм ч амархан, хялбар хэл биш юм.

 

            Хууль тайлбарлах олон арга зүй, онолууд байдгийн нэг нь хуулийг “хэлзүй, үгзүйн” талаас нь тайлбарлах арга юм. Энэхүү арга нь тухайн хэлний онцлог, уг гарал, үүсэл, онцгой бүтэц, түүхэн уламжлалтай нягт холбоотой байдаг учраас бусад хууль тайлбарлах арга, онолуудаас ихээхэн онцлогтой, ялгаатай. Зарим судлаачид хуулийг үгзүйн талаас нь тайлбарлах аргыг бусад хууль тайлбарлах аргуудын үндэс, суурь нь ч гэж үздэг.

 

            Хуулийг Монгол хэлзүй, үгзүйн онцлогийн үүднээс тайлбарлах аргад суралцахын тулд хэлзүйн шинжлэх ухааны олон судлагдахууныг танин мэдэх, судлах шаардлагатай байдаг. Эдгээр судлагдахуунуудаас энэ удаад хуулиуд дахь “холбоо үгсийг” хэрхэн зөв ойлгож, тайлбарлаж, хэрэглэх талаар, үүнийг судлах, танин мэдэх шаардлагатай байгаа тухай энд бичлээ.

 

            Монгол хэлний холбоо үгс бол хэл шинжлэлийн судлагдахуунуудын нэг хэдий ч хууль зүйн шинжлэх ухаанд хууль тайлбарлах арга зүйгээр холбогддог учраас, хуульчид энэ талаар судлах, тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай гэж боддог.  Сурах бичгүүдэд “Өгүүлбэрийн гишүүдийг болон хэд хэдэн өгүүлбэрүүдийг хооронд нь холбох, ялгах (салгах) үүрэгтэй үгсийг холбоо үгс гэнэ.” гэж тодорхойлжээ. Жишээ нь, хуульчдын сайн мэдэх, хуулиудад ихээхэн хэрэглэгддэг “ба”, “бөгөөд”, “буюу”, “эсхүл”, “болон”, “түүнчлэн”, “хийгээд”, “агаад”, “ахуул”, “болоод” гэх мэт.

 

            Шүүгчийн хувьд, надад Монгол хэлний холбоо үгсийг хууль тайлбарлах, хэрэглэх талаас нь судлах дараах хоёр шаардлага, шалтгаан байна. Үүнд:

1. Хуулиудад холбоо үгс маш их хэрэглэгдэж байна. Тухайлбал, дараах хүснэгтээр зарим хуулиудад холбоо үгсийг хэдэн удаа хэрэглэсэн талаарх тоон үзүүлэлтийг харуулав.

 

Зарим холбоо үгсийг хуулиудад хэрэглэсэн тоон үзүүлэлт

“ба”

“бөгөөд”

“буюу”

“эсхүл”

“болон”

“түүнчлэн”

“хийгээд”

Үндсэн хууль

7

15

26

7

21

9

2

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

41

26

203

92

104

22

-

 

            Хуулиуд дахь холбоо үгсийг үгзүйн талаас нь зөв ойлгож, тайлбарлах нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг түүний агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн хэрэглэхэд чухал ач холбогдолтой. Хэд хэдэн холбоо үгс орсон, нийлмэл өгүүлбэртэй хуулийн заалт, хэсгийг тайлбарлахаас өмнө түүнд хэрэглэгдсэн холбоо үгсийн агуулга, зориулалт, хэрэглэгдэж буй логик-учир шалтгаан, найруулгазүйн нарийн зүй тогтол зэргийг сайтар танин мэдэж, ойлгож, судлахгүйгээр хуулийг тайлбарлаж хэрэглэх нь учир дутагдалтай мэт. Олон тооны холбоо үгс орсон хуулийн заалт, хэсэг, өгүүлбэр нь ойлгоход бэрх, ээдрээтэй юм шиг харагдаж, олон салаа утгатай мэт тайлбарлагдаж, эцэст нь буруу хэрэглэснээс практикт, хуульчдын дунд багагүй маргаан үүсч байдаг.

Дээр нь, хууль бүтээх, хуулийн төсөл боловсруулах үйл явцад хэлзүйн шинжээчид, хэл шинжлэлийн судлаач, эрдэмтдийн оролцоо, хуулийн төсөл боловсруулдаг ажилд тэдгээр нь хэрхэн дэмжлэг үзүүлдэг эсэх нь миний хувьд сонирхол татдаг сэдвүүдийн нэг юм.

 

            2. Шүүхийн шийдвэр боловсруулахад “холбоо үгсийг” хэрэглэх шаардлага олонтаа тохиолддог. Монгол хэлний найруулга зүй, тэр дотроо албан хэрэг хөтлөлтийн найруулга зүйд холбоо үгсийн хэрэглээ чухал байр суурь эзлэнэ.

            Шүүх.мн буюу шүүхийн шийдвэрийн цахим сангаас үзвэл, шүүхийн шийдвэрүүдэд холбоо үгсийг, тэр тусмаа “ба”, “бөгөөд”, “буюу” зэрэг холбоо үгсийг хэрэглэсэн тохиолдлыг хялбархан ажиглаж болно. (Шүүхийн шийдвэрүүд дэх холбоо үгсийн хэрэглээг бүс нутгийн хэлзүйн онцлогийг харгалзаж, нутаг дэвсгэрээр нь төрөлжүүлэн ангилвал, сонирхолтой судалгааны үр дүн гарч болох юм.)

 

            Шүүхийн шийдвэрт “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуульзүйн шаардлага тавигдахаас гадна баримт бичгийн стандарт, албан хэрэг хөтлөлтийн хувьд “маш сайн найруулгатай байх” зүй ёсны шаардлага мөн тавигдана. Шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарсан ч уг шийдвэрийн үндэслэл нь найруулга зүйн хувьд алдаатай, ойлгомжгүй, тодорхойгүй, салаа утгатай байвал хэргийн оролцогчид “шүүхэд гомдох” нэгэн нөхцөл шалтгаан л болно.

 

            Маш сайн найруулгатай албан бичиг боловсруулах наад захын шаардлагуудын нэг бол холбоо үгсийг зөв сонгож, агуулга, зориулалтын дагуу оновчтой хэрэглэх явдал юм.

Холбоо үгсийг зөв хэрэглэх ур чадварт суралцахгүй бол ямар найруулгатай бичиг баримт боловсруулагддаг талаар хэл шинжлэлийн доктор, профессор Б.Пүрэв-Очир “...“ба” олшрохлоороо базаахгүй болдог, “эсвэл” ихдэхлээрээ ээдрээтэй болдог, “агаад, ахул” хэтрэхлээрээ утга санаа адармаатай болдог, “хийгээд” олон болохлоороо хөндийдүүхэн болдог, “буюу” давтагдахлаараа будлиантай болдог, “бол, болбол” дэндэхлээрээ болхи ядмаг болдог гэж нэгэн судалбар эсээндээ[3] тэмдэглэжээ.  Тэрээр уг бүтээлдээ[4] “Өдгөө цагийн зарим зохиолчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, оюутан залуус, ер бичиж найруулагч хэн боловч “буюу”-гаар холбон найруулах нэг моодтой болсон нэг ёсны нялхсын өвчин гэмээр зүйл ажиглагдсаар байгаа.” гэж шүүмжлэлтэй хандсан байдаг.

 

            Иймээс хуулиуд дахь “Монгол хэлний холбоо үгсийг зөв тайлбарлаж, хэрэглэх нь” сэдвээр судалгааны ажил хийх, Монгол хэлний бичгийн соёл, албан хэрэг хөтлөлт, эрдэм шинжилгээний найруулгазүйн талаарх мэдлэг, ур чадвараа улам бүр дээшлүүлэх хүсэлтэй байгаа учраас шүүгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрт энэхүү эсээг бичиж, хандаж байна.

 

            2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд ганцаарчилсан сургалтад хамруулж өгнө үү.

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч:

Солтанмуратын ӨМИРБЕК

 

Холбоо барих хэлбэр:

Цахим шуудан: umirbyekjudge@yahoo.com

Утасны дугаар: ______________________

           

 

Ховд аймаг, Жаргалант сум,

2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр.

 

 

-оОо-


[1] Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[2] Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг.

[3] Б.Пүрэв-Очир, Судалбар эсээнүүд, 2013 он, Улаанбаатар, 114 дэх тал.

[4] Мөн тэндээс.

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax