40261 дахь зочин!
avatar

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ТЭГШ ХУВААРИЛАХ НЬ (Иргэний хэрэг)

2013-04-15,10:30

Нэг. Эрх тэгш байдлын тухайд

Эрх тэгш байдал[1] нь шударга ёсны нэгэн хэмжүүр, үзүүлэлт юм. Эрх тэгш байдлын тухай “хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх”, “хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” зарчмуудад[2] тусгалаа олсон байдаг.

Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудын нэг бөгөөд энэхүү зарчимд үндэслэгдэн тус ажиллагааны “амин сүнс” болох мэтгэлцэх зарчим хэрэгждэг.

Тэгш бус эрх, үүрэгтэй этгээдүүдэд ялгамжтай хандах, тэгш эрх, үүрэгтэй этгээдүүдэд тэгш хандахыг тэгш байдал буюу “тэгш боломж” гэнэ. Үүнийг хуулиуд дахь зарим зохицуулалтаас үзвэл:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг талд нь захиргааны байгууллага, албан тушаалтан, нөгөө талд нь иргэн, хуулийн этгээд зэрэг эрх тэгш бус субьектүүд оролцдог. Захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан бүрэн эрх олгож[3], “эрх мэдэлтэй” болгосон бол иргэн, хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулдаггүй, гагцхүү нийтлэг байдлаар тодорхойлсон[4] байдаг тул тэдгээрийг эрх зүйн байдлын хувьд “эрх тэгш бус” субьектүүд гэж үздэг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага, албан тушаалтанд нотлох баримт цуглуулах боломж өргөн, харин иргэн, хуулийн этгээдэд нотлох баримт цуглуулах боломж хязгаарлагдмал, “хомс” байдаг зэрэг эрх тэгш бус нөхцөл байдалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д[5] зааснаар ялгамжтай хандаж, зохицуулжээ. Харилцаанд оролцож буй талуудын эрх тэгш бус байдлыг зохицуулан, нотлох баримт цуглуулах үүргийг шүүхэд хүлээлгэснээр дээрх субьектүүд шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг төрөөс (тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим учир) бүрдүүлсэн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн байдлын хувьд “тэгш” субьектүүд оролцдог. Энэ тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадварыг бүх оролцогч тэгш эдэлнэ.” гэж заажээ.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш субьектүүд оролцож, талуудад нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах боломж (эрх), нөхцөл “тэгш” байдаг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д[6] зааснаар хуулиар тэгш (эрх, үүрэгтэй) этгээдүүдэд тэгш байдлаар хандаж, зохицуулжээ.

Нийгмийн харилцаанд олон төрлийн эрх тэгш бус субьектүүд оршин тогтнодог учир тэдгээрт шүүхийн өмнө эрх тэгш байх боломж олгох, шүүхийн үйлчилгээг адил тэгш хүртээхийн тулд (тухайлбал) дээрх зохицуулалтууд хийгдсэн байна.

Хоёр. Тэмдэгтийн хураамжийг хуваарилах суурь зарчим

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах суурь зарчмыг томьёолжээ. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд зааснаар буюу нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахтай нэгэн адил зохицуулна.

Суурь зарчмын агуулга нь, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Хэрвээ нэхэмжлэл хангагдаагүй бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж улсын орлогод хэвээр нь үлдэх ба хариуцагчаар нөхөн төлүүлэхгүй.

Шүүхээс “эрх зүйн маргааныг шийдвэрлэх” үйлчилгээ үзүүлсний төлөө[7] зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэгэнд нь хуваарилж, буруутай этгээдэд хариуцуулан төлүүлж буй нь эрх тэгш субьектүүдэд тэгш байдлаар хариуцлага хүлээлгэж буй хэлбэр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “...нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж зааснаас үзвэл, хэрвээ нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар “анх нэхэмжлэгчийн төлсөн хэмжээгээр[8]” төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгох ба энэ нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ. Тэмдэгтийн хураамжийг хуваарилах суурь зарчмын агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийн хуульд зааснаар урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг л хуваарилах асуудал тусгагджээ.

Тохиолдол 1.

 

1. Нэхэмжлэлийн үнэ:  

50.000.000 төгрөг.

2. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж:

407950 төгрөг.

3. Нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх улсын тэмдэгтийн хураамж:

407950 төгрөг.

___________________________________

Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим:

(2.)=(3.)

 

Эндээс дүгнэвэл, улсын тэмдэгтийн хураамжийг буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний төлөө гарсан зардлыг хуваарилахдаа талуудын хариуцвал зохих төлбөрийг харгалзан, тэдэнд тэгш (нэг л ижил шалгуураар) хандаж, хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг удирдлага болгож, тэгш хуваарилах юм.

Гурав. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд улсын

тэмдэгтийн хураамжийг хуваарилах

3.1. Шүүхийн практик

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилж байгаа талаар Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сангийн тусламжтайгаар (www.shuukh.mn) хэд хэдэн анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг эх сурвалж болгон судалгаа хийж үзлээ. Шүүхүүд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар дахин тооцож хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэдэг.

Тохиолдол 2.

 

1. Нэхэмжлэлийн үнэ: 

31.000.000 төгрөг.

2. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж:

312.950 төгрөг.

3. Нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ:

15.910.000 төгрөг.

4. Хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ:

237.500 төгрөг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэж буй шүүхийн дээрх практик бүх шүүхүүдийн түвшинд ижилхэн байна.

Гэхдээ, шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг шийдвэрлэхдээ талууд “шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, “хуулийн өмнө эрх тэгш байх зарчим”-ын аль нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илүү үнэ цэнэтэй, ач холбогдолтой вэ гэдгийг анхаарах нь чухал болов уу? Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т “...шүүхийн зардлыг тэр хэмжээгээр ... хуваарилан зохицуулна.” гэж заасны “тэр хэмжээгээр” гэдгийг шүүх хэрхэн тодорхойлж, ойлгож, тайлбарлаж хэрэглэхээс үр дүн өөр өөр тооцоололтой гарах юм.

Тодруулбал, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүх хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг:

(1)  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг шалгуур болгож “дахин тооцох”,

(2)  Эсвэл, нэхэмжлэлийн үнийг шалгуур болгож “хувь тэнцүүлэн тооцох” 2 боломж байна.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хууль нийгмийн харилцаанд оролцогчдод тэгш үйлчилнэ гэдэг утгаараа хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар “дахин тооцно”, эсвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрх, үүрэгтэй оролцох зарчмыг удирдлага болговол нэхэмжлэлийн үнийг шалгуур болгож, нэхэмжлэлийн үнээс хариуцагчийн хариуцвал зохих хэмжээг хувь тэнцүүлэн тогтоож, энэхүү хувь тэнцүүлсэн тооцоог үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагчийн хариуцвал зохих улсын тэмдэгтийн хураамжийг (хувь тэнцүүлэн) тогтоох боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна. Хуулийн энэ заалт нь гагцхүү “улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хувь хэмжээг тогтоох”-той холбоотой зохицуулалт юм. Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан болохоос “улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах” асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна. Тиймээс, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнд тохируулан нэгэнт урьдчилан төлөгдсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг шүүх хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоосон 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн агуулгаас үзвэл, нэгэнт гарсан шүүхийн зардлыг, тухайлбал нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг л хуваарилах асуудлыг зохицуулсан болохоос зардлыг “дахин тооцож”, хэмжээг нь “дахин тодорхойлох” талаар зохицуулаагүй.

Хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасан “...шүүхийн зардлыг тэр хэмжээгээр...” гэдгийг хэрхэн ойлгож, тайлбарласнаас математик тооцооллын үр дүн өөр өөр гарна гэдгийг дээр дурдсан. Энэ заалтын “тэр хэмжээгээр” гэдгийг өнөөгийн шүүхийн практикт хэрэглэгдэж буйгаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд, (нэхэмжлэлийн шаардлагаас) хариуцагчийн хариуцвал зохих хэсгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтаар тооцож, хариуцагчаас гаргах тэмдэгтийн хураамжийг тогтоох нь (Тохиолдол 2.) талууд шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцэхгүй юм.

Тэгш эрхийн зарчмыг талуудад адил тэгш хамаарал бүхий тодорхой нэг л үзүүлэлтээр хэмжинэ. Харин тэр үзүүлэлт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд маргаанд хамгийн гол хамаарал бүхий элемент байх нь чухал. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлуудын нэг - улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тооцож, тогтоох гол шалгуур, хэмжүүр нь “нэхэмжлэлийн үнэ” юм.

Гол маргаан, байцаан шийтгэх ажиллагааны явц дахь талуудын хүсэл зориг нэхэмжлэлийн үнийн хүрээнд л байдаг. Ийм ч учраас нэхэмжлэлийн үнэ нь нэхэмжлэлийн гол бүрдүүлбэрийн[9] нэг тул нэхэмжлэлийн үнийг тодорхойлох журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зохицуулсан байдаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, нэхэмжлэлээс хариуцагчийн хариуцвал зохих хэсэг нь нэхэмжлэлийн үнийн тодорхой хувь-бүрэлдэхүүн байдаг нь ойлгомжтой. Иймээс, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлэхдээ нэхэмжлэлийн үнийг шалгуур болгодог атлаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд нэхэмжлэлээс хариуцагчийн хариуцвал зохих хэмжээг шалгуур болгож, (Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар) дахин тооцох нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхээргүй байна. Харин эндээс, талуудын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг утгаараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай нэг хуулиар тооцож байгаа мэт харагдавч, энэ нь тооцооллын хувьд талууд ижил тэгш хариуцлага хүлээж байна гэж үзэх боломжгүй.

3.2. Шийдэл (санал)

“Тохиолдол 2.”-ийн хувьд тайлбарлаъя. Нэхэмжлэгч хариуцагчаас 31000000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 15910000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Энэ тохиолдолд, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасан зохицуулалтыг дараах хоёр аргаар хэрэглэх боломжтой.

1. Шүүхийн өнөөгийн практикт хэрэглэж буйгаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг тус тус баримталж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 312950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 237500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байна.

Энэ нь хариуцагчийн хариуцах хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг “дахин тооцож” буй хэлбэр юм. Нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн хэсгийг түүний хариуцлага болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 312950-237500=75450 төгрөг төлж байна гэсэн үг юм. Үүнээс үүдэлтэйгээр, нэхэмжлэгчийн хариуцлага болох нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болсон хэсгийг хариуцагчтай адилаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу яагаад “дахин тооцож” болохгүй вэ? гэдэг асуулт гарна. Тэгвэл, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болсон хэмжээ 15090000 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тооцвол, нэхэмжлэгчийн төлөх тэмдэгтийн хураамжийн хэмжээ 233400 төгрөг болж байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд (хуульд заасан журмаар) урьдчилан төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахаар зохицуулсан байхад дээрх байдлаар хариуцагчийн хариуцвал зохих хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг “дахин тооцох” нь нэхэмжлэгчийн хувьд  нэхэмжлэлийн үнийг, хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрээр хариуцах төлбөрийн хэмжээ (хоёр өөр төрлийн “коэффициент”)-г шалгуур болгож буй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх зарчимтай нийцэхгүй байгаа тул хуулийн энэ заалтыг доорх байдлаар хэрэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасан “...тэр хэмжээгээр...” гэдгийг тухайлбал, “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан” хэмжээгээр гэж ойлгоно. Энэ нь, талуудын хариуцвал зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тэдний нэхэмжлэлийн шаардлага (нэхэмжлэлийн үнэ)-аас хариуцвал зохих хэмжээтэй “пропорци” буюу “хувь тэнцүүлсэн” харьцаатай байна гэж тайлбарлагдана.

Дээрх “Тохиолдол 2.” гэх жишээн дээр тайлбарлаъя. Шүүх нэхэмжлэлийн шаардлага 31000000 төгрөгөөс 15910000 төгрөг буюу 51,32 хувийг нь хангаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид (хуульд заасны дагуу) 312950 төгрөгийг урьдчилан төлсөн байна. Тэгвэл, хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг тогтоохдоо түүний шүүхийн шийдвэрээр хариуцсан төлбөрөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу “дахин тооцохгүй”. Харин хуульд зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан” хэмжээгээр тооцож, хуваарилна. Ингэхдээ, шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 51,32 хувийг хариуцаж төлөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөн адил 51,32 хувийг хариуцагч хариуцаж, төлөх учиртай. Энэ нь “нэхэмжлэлийн үнэ” гэх нэг л шалгуурыг удирдлага болгож, талуудад нэг л шалгуураар тэгш хандаж буй хэлбэр юм.

Эцэст нь, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 312950*51,32%=160606 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно. Харин нэхэмжлэгч илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад тохирох 48,68 хувийн буюу 152344 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, хариуцлага хүлээнэ.

Хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг ийнхүү хувь тэнцүүлэн тооцох нь хэд хэдэн хариуцагчтай, хариуцагчид тус бүр ижил бус хэмжээгээр төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн иргэний маргаануудад бодитой, ойлгомжтой харагддаг. Энэ талаар дараагийн сэдэвт тодорхой авч үзсэн болно.

Дөрөв. Хэд хэдэн хариуцагчтай хэрэгт улсын тэмдэгтийн

хураамжийг хуваарилах нь

 

4.1. Нэхэмжлэлийг ижил хэмжээгээр хариуцсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах

Хэд хэдэн хариуцагчтай иргэний хэргийг “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан” бөгөөд хариуцагч нараас ижил хэмжээгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилсан байдлыг Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сангийн тусламжтайгаар (www.shuukh.mn) анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг эх сурвалж болгон судалж үзлээ. Шүүхүүд энэ төрлийн маргаанд хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг тогтоохдоо, нэхэмжлэгчийн төлсөн хураамжийг хариуцагчийн тоогоор хувааж, хариуцагч нарт ижил хэлбэрээр хуваарилж шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчийн тоонд тэнцүү хуваасан байна. Энэ нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх дээр дурдсан зарчимд нийцнэ.

Тохиолдол 3.

 

1. Нэхэмжлэлийн үнэ: 

31.000.000 төгрөг.

2. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж:

312.950 төгрөг.

3. Нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ:

31.000.000 төгрөг.

4. Хариуцагчаас А-аас 15000000 төгрөг, хариуцагч Б-ээс 15000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 

5. Хариуцагч А, Б нарт улсын тэмдэгтийн хураамжийг тэнцүү хувааж тус бүрээс нь 156475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

“Тохиолдол 3.”-аас үзвэл, хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэхэмжлэлийн үнийг шалгуур болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчийн тоонд хувааж, А, Б нарт тэнцүү хэмжээгээр тус тус хариуцуулсан байна. Энэ нь хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг “хувь тэнцүүлэн” тооцсон хэлбэр мөн юм.

4.2. Нэхэмжлэлийг ижил бус хэмжээгээр хариуцсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах

Хэд хэдэн хариуцагчтай иргэний хэргийг “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн” ба хариуцагч тус бүрээс ижил бус хэмжээгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд, хариуцагчаас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг “хувь тэнцүүлэн” тооцохгүйгээр, тэдгээрийн хариуцвал зохих хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтаар “дахин тооцох” замаар гаргавал, дараах “зөрчил” үүсдэг. Үүнд:

Тохиолдол 4.

 

1. Нэхэмжлэлийн үнэ: 

31.000.000 төгрөг.

2. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж:

312.950 төгрөг.

3. Нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ:

31.000.000 төгрөг.

4. Хариуцагчаас А-аас 20000000 төгрөг, хариуцагч Б-ээс 11000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 

5. Хариуцагч А, Б нараас улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцож гаргах вэ?

 

“Дахин тооцох” аргаар хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч А-аас 20000000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 257950 төгрөг, хариуцагч Б-ээс 11000000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 190950 төгрөг юм. Шүүх нэхэмжлэгчийн төлсөн 31000000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 312950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох улсын тэмдэгтийн хураамж 257950+190950=448900 төгрөг болж нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 312950 төгрөгөөс давсан дүнтэй гарч байна.

Энэ тооцоолол нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хариуцвал зохих төлбөрийг үндэслээд түүнээс гаргах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар “дахин тооцох” аргачлал талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцдэггүйг харуулсан жишээ юм.

Зүй нь, хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг үндэслэн тэдгээрийн хариуцсан хэмжээгээр “хувь тэнцүүлэн” тооцвол, талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан аль ч шийдвэрийг гаргасан тохиолдолд нэг л аргачлалаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг нэг мөр, зөв хэрэглэх ач холбогдолтой юм.

Эцэст нь, “Тохиолдол 4.” дэх хариуцагч нараас гаргах улсын тэмдэгтийн хураамжийг “хувь тэнцүүлэх” аргаар тооцоолъё. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 31000000 төгрөгт тохирох 312950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн. Нэхэмжлэл бүхэлд нь буюу 100 хувь хангагдсан учир хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг ч мөн 100 хувь хариуцна. Энэ нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах суурь зарчим юм. Тэгвэл хариуцагч А, Б нарт улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах вэ?

Хариуцагч А нэхэмжлэлийн (30000000 төгрөгийн) шаардлагаас 20000000 төгрөг буюу нэхэмжлэлийн үнийн 64,52 хувийг, хариуцагч Б нэхэмжлэлийн (30000000 төгрөгийн) шаардлагаас 11000000 төгрөг буюу нэхэмжлэлийн үнийн 35,48 хувийг тус тус шүүхийн шийдвэрээр төлөхөөр болжээ. Иймээс, хариуцагчийн нэхэмжлэлийн үнээс хариуцсан хэмжээгээр тэдгээрийн хариуцвал зохих улсын тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлж, хариуцагч А-аас 312950 төгрөгийн 64,52 хувь нь болох 201915,34 төгрөг, хариуцагч Б-ээс 312950 төгрөгийн 35,48 хувь нь болох 111034,66 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид нийт (201915.34+111034.66) 312950 төгрөг олгож, улсын тэмдэгтийн хураамжийг “хувь тэнцүүлэх” аргачлалаар хуваарилан шийдвэрлэх нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ.

Уншигч та энэ нийтлэлтэй холбоотой саналаа omakazakh@yahoo.com хаягаар ирүүлнэ үү, баярлалаа.

 

-оОо-


[1] Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т зааснаар тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

[2] Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1.

[3] Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-т зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхтэй.”

[4] Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.

[5] “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”

[6] “Зохигч, ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”

[7] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1.

[8] Нэхэмжлэгч урьдчилан төлөхдөө Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар зөв төлсөн бол.

[9] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5.


бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гарчиг
zalhuuralgu unshij sanalaa ch helnee. minii tanid sanal heleh yu l bol yamar ch bsan unshij uzeed bodloo helnee!
Бичсэн: Bazar хэзээ: 18:24, 2013-04-16 | Холбоос | |



:-)
 
xaax