44454 дахь зочин!
avatar

-ийн хүсэлтээр 2007 онд бичсэн илтгэлээ нийтлэв.

2012-04-30,09:31

 ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХ

  Монгол Улсын Дээд Шүүхийн Судалгааны төвөөс зохион байгуулж буй “Шүүхээс хууль тайлбарлах, хэрэглэх онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан ИЛТГЭЛ:

 ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОНЦЛОГ

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга:                 

 

Солтанмуратын Өмирбек


ДАРХАН СУМ, 2007 ОН

 

 

 

 

 

ГАРЧИГ

 

 

НЭГ. ӨМНӨХ ҮГ

Сэдвийн өнөөгийн нөхцөл байдал

 

 

ХОЁР. АГУУЛГА

Онол, практикийн асуудал

 

 

I. ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОНЦЛОГ, БИЕ ДААСАН ШААРДЛАГА.

           

1.1.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн тухай ойлголт.

            1.2.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын онцлог.

            1.3.      Бие даасан шаардлага гаргасан гуравдагч     этгээд, бие даасан шаардлагыг тодорхойлох нь.

 

            II. ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙГ ОРОЛЦУУЛЖ БУЙ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН БОЛОН ХБНГУ-ЫН ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН ПРАКТИК, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА.

           

            2.1.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулж буй Захиргааны хэргийн шүүхийн өнөөгийн байдал.

            2.2.      ХБНГУ-ын Захиргааны шүүхийн практик, зохицуулалт, харьцуулсан судалгаа.

 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

Чиг хандлага, шийдвэрлэх арга зам

 

ДӨРӨВ. ЭХ СУРВАЛЖ

Ашигласан материалууд

 

 

НЭГ. ӨМНӨХ ҮГ

   Сэдвийн өнөөгийн нөхцөл байдал

 

Монгол Улсын Үндсэн хуулийн[1] оршил хэсэгт тунхагласан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу эрх зүйн шинэтгэл эрчимтэй хэрэгжсэний үр дүнд Монгол Улсад анх удаа нийтийн захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдан ажиллаж, нийгэмд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байна.

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийтийн захиргааны хууль бус буюу дур зоргын үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэг бүхий энэхүү шүүх “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулиуд 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жилийн хугацаа өнгөрчээ.

 

Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу батлагдаж, Монгол Улсын хувьд “нийтийн” гэх орчин үеийн захиргааны эрх зүй, захиргааны процессын эрх зүйн тогтолцоонд шилжих үндэс болсон эдгээр хуулиуд болон Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн мөн чанарыг судалж, танин мэдэх таатай боломжийг бидэнд олгож байна.

Энэхүү судалгааны үндэслэл, шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн практикт нийтийн эрх зүйн хүрээнд үүсэж, нэг талд нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хийгээд хөндөгдсөн байж болзошгүй иргэн, хуулийн этгээд, нөгөө талд нь “заавал” нийтийн захиргаа байх нийтийн эрх зүйн маргаан болох “захиргааны хэрэг” Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх атал шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй “зарим” захиргааны хэрэг, маргаан “иргэд хоорондын, хувийн эрх зүйн шинжтэй” болж байгаад оршино.

Захиргааны хэргийн шүүхийн практикийг өргөн хүрээнд судлах, харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг нэг мөр ойлгох судалгаан зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж ажилласан болно, үүнд:

 

1)    Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын талаар эрдэмтэн, судлаачид болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн үзэл бодол, ерөнхий чиг хандлага буюу концепцийг тодорхойлох,

2)    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулж буй Захиргааны хэргийн шүүхийн практикийг өргөн хүрээнд судлах,

3)    ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийг Холбооны Захиргааны шүүх хэрхэн тайлбарлаж, хэрэглэж байсныг харьцуулан судлах, эдгээр болно.

 

Хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын онцлогийг 2006 оны байдлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нийт 211 хэрэг, үүнээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан нийт 110 гаруй захиргааны хэргийг хамруулан судалгааны эмпирик аргууд болох ажиглалт, герменевтик[2] болон түүвэрлэх судалгааны арга, онолын аргууд болох анализ, синтез, индукци, дедукци, системчлэх, логик, ангилах, бичиг баримт судлах, харьцуулан судлах судалгааны аргуудыг хэрэглэж, эрх зүйг танин мэдэх позитив чиг хандлагыг удирдлага болгон, “байгаа зүйлсийн хүрээнд” асуудлыг илүү прагматик түвшинд авч үзсэн болно.

 

ХОЁР. АГУУЛГА

Онол, практикийн асуудал

 

 

I. ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОНЦЛОГ, БИЕ ДААСАН ШААРДЛАГА.

           

1.1.         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь

гуравдагч этгээдийн тухай ойлголт

 

Монгол Улсын хууль тогтоомжууд болон судалгааны бусад эх сурвалжуудад “гуравдагч этгээд” хэмээх энэхүү нэр томъёог өргөнөөр хэрэглэсэн байдаг. Тухайлбал, хууль тогтоомжуудад ерөнхий байдлаар судалгаа хийж үзэхэд “гуравдагч этгээд” гэсэн нэр томъёо Иргэний хуульд[3] 149 удаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд[4] 32 удаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд[5] 6 удаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд[6] 16 удаа тусгагдсан байх бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрэглэгдээгүй байна. 

            Эндээс иргэний болон захиргааны материаллаг хийгээд процессын эрх зүйн харилцаанд гуравдагч этгээд оролцох боломжтойг харж болох бөгөөд эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцаанд гуравдагч этгээд оролцох боломжгүй[7] юм.

 

            Дээрх хуулиудад судалгаа хийх явцад ажиглахад “гуравдагч этгээд”-ийн талаар хуулийн тодорхойлолт байдаггүй бөгөөд эрдэмтэн, судлаачид өөрийн судалгаа хийж дагнасан салбар эрх зүйн хүрээнд онолын тодорхойлолтуудыг өгсөн байна.

“Гуравдагч этгээд” – хууль зүйн нэр томъёо юм. Хэл зүйн талаас нь авч үзвэл “Гуравдагч…” гэдэг нь дэс тоо буюу тооны нэр[8] бөгөөд “…этгээд” гэдгийг “эзэн этгээд буюу субьект” гэсэн утгаар ойлгоно.

            Эрх зүйн онолд “гуравдагч этгээд” (Орос. Третьи лица, англ. Third parties persons)-ийг эрх зүйн харилцааны субьект мөн гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, энэ нь эрх зүйн харилцаанд оролцох нэгэн хэлбэрт тооцогддог бөгөөд эрх зүйн харилцааны субьект нь эрх зүйн харилцааны чухал бүрэлдэхүүн юм. Энд “эрх зүйн субьект болгон эрх зүйн харилцааны субьект биш”[9] байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

            Гурван талт эрх зүйн харилцааны бүрэлдэхүүн болох гол элемент нь эрх зүйн харилцаанд оролцогчдын гурвалсан “хүсэл зориг” байх бөгөөд энд гуравдагч этгээдийн оролцоо чухал. Гуравдагч этгээд гэж аливаа эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд нягт холбоотой материаллаг эрх зүйн харилцааны субьектийг хэлнэ хэмээн гадаадын эрдэмтэд эрх зүйн ерөнхий онолын үүднээс тодорхойлсон байдаг. [10]

            ОХУ-ын электрон хууль зүйн тайлбар тольд[11] гуравдагч этгээд гэдгийг аливаа материаллаг болон процессын эрх зүйн харилцаанд бодитой оролцож буй (эсхүл өртсөн) эрх зүйн харилцааны субьект мөн бөгөөд тухайн эрх зүйн харилцааг зохицуулах хэм хэмжээгээр заагдсан эрх, үүргээ өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх (хамгаалах зорилготой), төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх, эрх зүйн үр дагаврыг өөрөө хүлээх эрх зүйн чадвар, чадамж бүхий эрх зүйн харилцаанд оролцох нэгэн хэлбэрт тооцогдох субьект мөн гэж тодорхойлсон байна. 

            Гуравдагч этгээдэд тавигдаж болох нэгэн шалгуур нь тэрээр тухайн эрх зүйн харилцааны обьектийн[12] талаар “хүсэл зоригоо” илэрхийлсэн байдагт оршино. Энэхүү хүсэл зоригоо гуравдагч этгээд субьектив эрх[13], хууль зүйн үүргээ хэрэгжүүлэх явцад үйлдэл, эс үйлдэхүйгээрээ илэрхийлэх боломжтой байдаг.

            Гуравдагч этгээд нь эрх зүйн харилцааны бүрэлдэхүүнд багтах эрх зүйн харилцааны субьект учир салбар эрх зүйн онцлогоос хамаарч өөр өөр тодорхойлолттой байж болох мэт. Тухайлбал, гуравдагч этгээдийг түүний “…тухайн эрх зүйн харилцааны объектын талаарх хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн байх” шинжийг нь шалгуур болгон бие даасан шаардлага гаргасан хийгээд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж ангилдаг бөгөөд  захиргааны процессын эрх зүйн хувьд зөвхөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг тухайн эрх зүйн харилцааны оролцогч гэж тооцож, бие даасан шаардлага нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэл зоригоос өөр байдлаар гуравдагч этгээдэд хүсэл зоригоо илэрхийлж, зөрчигдсөн хийгээд зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулах боломжийг олгодог юм.

 

            1.2.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын онцлог

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг “хэргийн оролцогч” болон “бусад оролцогч” гэж ангилдаг бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар гуравдагч этгээд нь хэргийн оролцогч мөн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн хуулийн тодорхойлолтыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан бөгөөд энэхүү тодорхойлолтоор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын гол онцлогийг хуульчилсан байна.

Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг гуравдагч этгээд гэнэ.” гэсэн хуулийн тодорхойлолтоос харахад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээд эрх зүйн байдлын хувьд дараах онцлогтой байна. Үүнд:

1.    Захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн,

2.    Бие даасан шаардлага гаргасан,

3.    Бие даасан шаардлага нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан шинжтэй (нэхэмжлэгчийн шаардлага зөвхөн хариуцагчид хандсан байдаг),

4.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн,

5.    Иргэн, хуулийн этгээд байна.      

 

            Эндээс, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээд гэж тухайн захиргааны хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж захиргааны хэргийн шүүхийн санаачлагаар, эсхүл захиргааны хэргийн шүүхээс гарч болох шийдвэр эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь муугаар нөлөөлөхөөр байвал өөрийн хүсэлтээр, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн хийгээд маргааны зүйл болох захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлж болно.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын “бие даасан шаардлага гаргасан” гэсэн онцлог хийгээд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг оролцуулахаар зохицуулагдсан нь захиргааны хэргийн оролцогчдын онцлогтой холбоотой юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан шаардлагыг хангаагүй  буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулах нь процессын ноцтой алдаанд тооцогдоно. Учир нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар захиргааны хэрэг, маргаан нь зөвхөн нэхэмжлэгч - иргэн, хуулийн этгээд, хариуцагч – захиргааны байгууллага хооронд өрнөхөөс илүүтэйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон нэхэмжлэгч хооронд өрнөж, захиргааны хэрэг, маргааны онцлогийг алдагдуулах эрсдэлтэй. Ийм учраас ХБНГУ-ын эрдэмтэн, профессор Х.А.Волффийн тэмдэглэснээр “Хэрэв ЗХХША-ны шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд эрх зүйн үр дагавартай байхаар, өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр нь оролцогчид, гуравдагч этгээдийн хувьд зөвхөн зэрэг гарахаар бол түүнийг оролцуулах зайлшгүй шаардлага үүсдэг... Энэ шаардлагыг хангаагүй бол хянан шийдвэрлэх ажиллагаанд томоохон алдаа гарсан гэж үзнэ.[14]

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын хувьд нэхэмжлэгч нь нийтийн захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээд байх бөгөөд хариуцагч нь ямагт захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтан байх онцлогтой. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн оролцогчид материаллаг эрх зүйн хувьд захирах, захирагдах шинжтэй харилцан эрх тэгш бус субьектүүд байдаг. Харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчид харилцан эрх тэгш субьектүүд байдаг. Энэ байдал нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг онцгойлон, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдээс ялгаатай авч үзэх шалтгааныг буй болгодог.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг зөвхөн бие даасан шаардлагатай оролцуулахаар зохицуулсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсрэг хариуцагч болох нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг “хүч хавсран хамгаалалцаж, тэнцвэрийг алдагдуулахаас”[15], захиргааны эрх зүйн маргаан нь нэхэмжлэгч болох иргэн, хуулийн этгээд – бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох иргэн хуулийн этгээд хооронд өрнөх буюу хувийн эрх зүйн шинжтэй болохоос сэргийлэх зорилготой.

 

            “Гуравдагч этгээд” гэдэг энэхүү нэр томъёо захиргааны болон иргэний процессын эрх зүйд адилхан хэрэглэгддэг боловч нэг нь нийтийн эрх зүйн нөгөө нь хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх тусдаа, бие даасан салбар эрх зүй учир эрх зүйн байдлын хувьд хоорондоо ялгаатай юм. Нийтийн болон хувийн эрх зүйн ялгааг тайлбарладаг олон онолууд байдаг бөгөөд эдгээрээс субьектийн онол[16] нь нийтийн болох хувийн эрх зүйн ялгааг тухайн харилцаанд оролцогч субьектүүдийн эрх зүйн байдлын онцлогт холбоотой авч үздэг. Энэхүү онолын үүднээс захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй дэх гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дараах байдлаар харьцуулан авч үзье.[17]

            Энэхүү харьцуулалтаас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдал  иргэний процесс дахь гуравдагч этгээдээс ялгаатай болохыг харж  болох бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын хамгийн гол онцлог нь тэрээр гагцхүү бие даасан шаардлага гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхэд оршино.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зарчмууд нь “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод адил тэгш боломж олгох нийтлэг зорилготой”[18] бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн өмнө материаллаг эрх зүйн хувьд харилцан тэгш бус (нэхэмжлэгч) иргэн, хуулийн этгээд, (хариуцагч) нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтан тэгш эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, хэргийн оролцогчдын субьектив эрхийг хангахад чиглэгдэнэ.       

            Захиргааны хэргийн шүүхийн өмнө нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд, хариуцагч нийтийн захиргаа эрх тэгш байх чухал нөхцөл нь, хэрвээ уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцож байгаа бол түүнийг гагцхүү хуульд зааснаар бие даасан шаардлагатайгаар оролцуулах явдал юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэгч болон хариуцагчийн аль нэг талд оролцох боломжгүй бөгөөд энэ нь түүний бие даасан[19] гэх “тодотголтой” холбоотой байдаг.

            Харилцан тэгш бус субьектүүдийн нийтийн эрх зүйн хүрээнд үүсэх Захиргааны хэрэг, маргааны хувьд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим чухал бөгөөд захиргааны хэргийн оролцогчдыг тэнцвэржүүлэхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэргийн шүүх гуравдагч этгээдийг бие даасан шаардлагатай оролцуулж “талуудын эрхийг тэнцвэржүүлэх” шаардлагатайг дахин тэмдэглэж байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол онцлогыг харуулсан мөрдөн шалгах зарчмын агуулга нь Захиргааны хэргийн шүүх нотлох үүрэг хүлээснээр талуудын эрх тэгш байдлыг хангах зорилготой юм. Тодруулбал, “мөрдөн шалгах зарчим нь тэгш байдлын зарчимтай шүтэлцдэг бөгөөд харилцан уялдаатай…” [20] хэрэгждэг.

            Хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зорилготой мөрдөн шалгах зарчмын агуулга нь өргөн утгаараа тухайн захиргааны хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь, бүрэн, бодитой тодруулахтай холбоотой Захиргааны хэргийн шүүхийн үүргийн тухай бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “…оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн…” гэж заасны учир нь Захиргааны хэргийн шүүх энэхүү зарчмыг нэг талаас хэргийн оролцогчдыг “тэнцвэржүүлэх” үүднээс хэрэгжүүлэхэд оршиж байна.

 

1.3.        Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд,

бие даасан шаардлагыг тодорхойлох нь

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн талаар, ялангуяа “бие даасан шаардлага” гэж юуг ойлгох талаар нэгдмэл ойлголт бүрдээгүй бөгөөд Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.1-т “…нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээд зөвхөн бие даасан шаардлагатайгаар оролцоно.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 14-т “…бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхөөр байвал төлбөр авагчийн нэгэн адил шаардлагыг бие даан тавьж буй этгээдийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

            Захиргааны процессын эрх зүй судлаачдын үзэж байгаагаар “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж нэхэмжлэгч болон хариуцагчийн шаардлагаас агуулгыг хувьд өөр шаардлага тавьж буй этгээд юм” хэмээн тодорхойлсон байна.[21]         

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдэд зөвхөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хамааруулах бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж “бие даасан “нэхэмжлэлийг”[22]Захиргааны хэргийн шүүхэд гаргасан”[23] иргэн, хуулийн этгээдийг ойлгоно. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тодорхой хариуцагчид захиргааны хэрэг үүсгэгдсэн байдаг тул энэ хэрэгт “тухайлсан шаардлага гаргасан этгээд нэхэмжлэгчээр эсхүл сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагчаар оролцох боломжгүй тул бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдийн хувиар”[24] захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийг тодорхойлох гол шалгуур элемент бол түүний бие даасан хүсэл зориг юм. Энэхүү бие даасан хүсэл зоригоо “бие даасан шаардлага” гаргах замаар хэрэгжүүлдэг. Энэхүү гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэс болсон нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэл, сонирхлоос өөр бие даасан хүсэл зориг нь анх захиргааны материаллаг эрх зүйн гурван талт харилцаанд оролцох үеэс үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд нь эрх нь хөндөгдсөн байж болзошгүй өрсөлдөгч тал[25] байдаг. Энд захиргааны материаллаг эрх зүйн сонгодог гурван талт харилцаа болох барилга барих эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсдэг хөршийн оролцоотой харилцааг дурьдаж болно.

            “Бие даах буюу бие даасан”  гэдэг үгийг Монгол хэлний товч тайлбарт “өөрөө өөртөө эзэн болох”[26] буюу “бусдаас хараат бус байх”[27] гэх утгаар тайлбарласан байна. “Шаардлага” гэдгийг “хүсэл зоригоо илэрхийлэх буюу түүнийг хэлбэрт оруулахыг эсхүл ямар нэгэн хүсэлт, гуйлт гаргасан албан ёсны баримт бичиг”[28] гэж ОХУ-ын хэл зүйн тайлбар тольд “требование” гэдэг үгийг тайлбарласан байна.  

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “бие даасан шаардлага” гэж тухайн захиргааны хэрэг, маргааны зүйл болох захиргааны актын талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэл, сонирхлоос өөр байдлаар бие дааж Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “нэхэмжлэл”-ийг ойлгоно. Хэрвээ гуравдагч этгээд нэхэмжлэгч болон хариуцагчийн аль нэгний хүсэл, сонирхлыг дэмжиж байвал тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгч болон хариуцагчийн байр сууринаас өөр байдлаар илэрхийлэгдсэн, Захиргааны хэргийн шүүх уг асуудлыг тусад нь бие даалган шийдвэрлэх боломжтой байх ёстой.

            Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс зөвхөн агуулгын хувьд ялгаатай бөгөөд тэрээр нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэл, сонирхлыг дагахгүйгээр шаардлагаа гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хийгээд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага ижил утга, агуулгатай байж болохгүй бөгөөд, бие даасан шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагатай эсрэг юмуу тэрнээс өөр агуулгатай байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нягт холбоотойгоор, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан нөхцөл байдлуудыг үгүйсгэж нэхэмжлэгчид хандсан байдаг бол гуравдагч этгээдийн бие даасан шаардлага шүүхэд хандсан шинжтэй байна.  Жишээлбэл, нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бол гуравдагч этгээд захиргааны акт гаргахыг даалгах бие даасан шаардлага гаргасан байж болно.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг удирдлага болговол дараах төрөлтэй байж болно. Үүнд:   

a)    хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага

b)    эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх тухай  бие даасан шаардлага

c)    илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай бие дасан шаардлага

d)    захиргааны акт гаргахыг даалгах тухай бие даасан шаардлага

e)    хохирлоо арилгуулах тухай бие даасан шаардлага, эдгээрээс гадна гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь:

f)     хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актын биелэлтийг хангуулахыг даалгах,

g)    “үйлдэл хийхээс татгалзуулах”[29] зэрэг төрөлтэй байж болно.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэргийн шүүх шийдвэртээ тусгайлан авч үзэж, түүнд холбогдох асуудлыг тусад нь шийдвэрлэх нь зүйтэй.

            Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын бүрдүүлбэр нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийн хувьд адилхан юм. Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа Захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргах бөгөөд гуравдагч этгээд, эсхүүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурна.

            Гуравдагч этгээд бие даасан шаардлагад дараах зүйлийг тусгана, үүнд:

-       бие даасан шаардлагаа Захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа

-       гуравдагч этгээдийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газар

-       бие даасан шаардлагын агуулга, энд дээр дурьдсанчлан ямар төрлийн бие даасан шаардлага гаргаж байгаагаа тодорхой бичнэ

-       бие даасан шаардлагын үндэслэл,

-       хавсаргасан баримт бичгийн жагсаалт, эдгээр болно.

            Бие даасан шаардлагад гуравдагч этгээд эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурж, бие даасан шаардлага болон хавсаргасан материалаа нэхэмжлэгч болон хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэгч болон хариуцагчид танилцуулан тэдгээрийн хариу тайлбарыг авч, улмаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, шийдвэрлэх шүүхийн практикийг бий болгох шаардлагатай байна.

 

            2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын зөвлөмжид зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн гаргаж буй бие даасан шаардлага хоёр нь өөр зүйл бөгөөд гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагатай адилтган үзэхгүй тул хэргийг тусгаарлаж шийдвэрлэхгүйгээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тухайн хэрэгтэй хамтад нь нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн шийдвэрлэж байвал зохино гэжээ.

 

            II. ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙГ ОРОЛЦУУЛЖ БУЙ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН БОЛОН ХБНГУ-ЫН ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН ПРАКТИК, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА.

 

2.1.        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд

гуравдагч этгээдийг оролцуулж буй Захиргааны хэргийн шүүхийн өнөөгийн байдал

 

            Судалгааны боловсруулалт: Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны байдлаар хянан шийдвэрлэсэн нийт 211 хэргээс 200 гаруй захиргааны хэргийг судалгаанд хамруулсан.

Энэхүү шүүхийн практикт хийсэн судалгааны зорилго нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн хэрэгжилт, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагатайгаар гуравдагч этгээдийг оролцуулж байгаа эсэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үр дагавар, бие даасан шаардлагыг шүүхийн практикт хэргийн оролцогч болох гуравдагч этгээд хэрхэн тодорхойлж байгаа эсэх талаар дүгнэлт хийхэд оршино.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2006 оны байдлаар нийт 373 нэхэмжлэл хүлээн авч 211 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэхүү судалгааны ажлын хүрээнд эдгээр хэргүүдийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан байдалд дүн шинжилгээ хийсэн болно.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт 211 хэргээс судалгаанд хамрагдсан нь 200, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцсон нь 110 захиргааны хэрэг байна. Судалгаанд хамрагдсан 200 гаруй хэргээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан нь 110, үүнээс 97 хувь буюу 104 хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, 3 хувь буюу 6 бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан байна. 

Дээрх гуравдагч этгээдийг оролцуулсан 110 захиргааны хэргийн гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд бүгд хариуцагчийн тайлбартай агуулгын хувьд ижилхэн, зарим тохиолдолд үг үсэг зөрүүлэхгүйгээр хариуцагчийн тайлбарын хуулсан байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг ороцуулснаас гуравдагч этгээд нь хариуцагчтай “хүч хавсран” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэх замаар нэхэмжлэгч, хариуцагч Захиргааны хэргийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, тухайн захиргааны хэргүүд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хооронд өрнөж, “хувийн эрх зүйн шинжтэй” болсон байна. 

 

            2.2. ХБНГУ-ын Захиргааны шүүхийн практик,  

харьцуулсан судалгаа

 

ХБНГУ-ын Захиргааны шүүхийн ”Шийдвэр 32, 173 Булангийн жижиг эзэмшил газар”, “1977 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 тоот шийдвэр, 12 - Бүртгэлийн шаардлага”, “Шийдвэр 94, 151 - Гараж”[30] зэрэг шийдвэрүүдэд  анализ хийх замаар ХБНГУ-д захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулж буй байдалд дүгнэлт хийж, ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийг хэрхэн тайлбарлаж хэрэглэж байгаа эсэх, уг зүйлд заасан “привлеченные третьи лица буюу “татан оролцуулсан гуравдагч этгээд”-ийг хэрхэн, юуг шалгуур болгож захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгааг тодруулж үзэхэд, үүнд:

Гуравдагч этгээдийг хамгаалах эрх зүйн хэм хэмжээний асуудал гурван талт захиргааны эрх зүйн харилцаанаас үүсдэг бөгөөд энэ тохиолдол гуравдагч этгээд нь эрх нь хөндөгдсөн хөрш этгээд буюу өрсөлдөгч тал[31] болно. Захиргааны эрх зүйн сонгодог гурван талт харилцаа бол барилга барих эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсдэг хөршийн оролцоотой харилцаа юм. Энэ тохиолдол аль нэг хөршийн нэхэмжлэл нь шүүхэд ирж, улмаар тухайн захиргааны хэргийг шийдвэрлэх асуудал нь зөрчигдсөн хэм хэмжээ гуравдагч этгээдийг хамгаалах нөгөө хөршийг талаар байдаг байна. ХБНГУ-ын Захиргааны шүүхийн шийдвэрүүд ажиглалт хийхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тусгайлан ач холбогдол өгч шийдвэртээ тусгадаг байна.

Холбооны Захиргааны шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг захиргааны хэргийн улмаас хөндөгдөж болзошгүй байх гуравдагч этгээдийг бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, шийдвэртээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудалд тусгайлан анхаарч тусгасан байна. Энэ нь гуравдагч этгээд болон хөршийн хүсэл зориг  буюу “бие даасан шаардлага” захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онцгой ач холбогдолтойг харуулж байна. Ийнхүү хөршийн буюу гуравдагч этгээдийг хамгаалах асуудалд тусгайлан ач холбогдол өгөх нь тухайн захиргааны хэргийн оролцогчид тус бүр ялгамжтай хүсэл зоригтой байдагтай холбоотой гэжээ.

            Харьцуулалтаас[32] харахад зарим судлаачдын үзэж байгаагаар[33] ХБНГУ-д захиргааны процессын эрх зүйн дэх “гуравдагч этгээд” гэсэн нэр томъёог “тодотголгүй” хэрэглэдэг гэж бичсэнд санал нийлэх боломжгүй байна. Учир нь ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлд дааснаар хэргийн оролцогчийн бүрэлдэхүүнд “привлеченные третьи лица” буюу “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан гуравдагч этгээд” багтах бөгөөд “Привлеченные…” гэсэн тодотголтой байна. Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн хувьд “бие даасан шаардлага гаргасан” гэх тодотголтой “гуравдагч этгээд” байх нь зүйтэй. Энэ нь захиргааны хэргийн оролцогчдын онцлогтой холбоотой.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 63, 65 дугаар зүйлд заасан зохицуулалттай агуулгын хувьд адилхан байгаа бөгөөд Германы Захиргааны шүүхийн тухай хуульд Монголын хуульд заасанчлан гуравдагч этгээдэд тавигдах шаардлага[34] нарийвчлан тусгагдаагүй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн агуулгаас харахад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулахыг хориглосон бөгөөд ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг заавал оролцуулахаар[35] зохицуулжээ.

            Эдгээр харьцуулалтаас дүгнэхэд, ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 63, 65 дугаар зүйл болон Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 21 дүгээр зүйлүүд үзэл баримтлалын хувьд адилхан байна.

 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

Чиг хандлага, шийдвэрлэх арга зам

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын талаар судлаач эрдэмтдийн дунд үндсэн хоёр концепци байгаа бөгөөд нэг хэсэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гагцхүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг оролцуулах нь зүйтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн агуулгаас харахад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулахыг хориглосон” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн хувьд иргэний процесс дахь гуравдагч этгээдтэй адилхан утгаар ойлгох бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан хийгээд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд аль нь ч оролцож болно. Өөрөөр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн хувьд “бие даасан шаардлага гаргасан” гэх тодотголгүй байх ёстой, түүний бие даасан шаардлагаас илүүтэйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдсөн байж болзошгүй байдлыг нь шүүх шалгуур болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж үзэж байна.

 

            Дээрх чиг хандлагаас хоёр дахь судлаачдын үзэл, бодлыг зарим талаараа үгүйсгэж болохгүй хэдий ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд ийнхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн талаар[36] нэгдмэл ойлголт бүрдээгүй, маргаантай байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн практикт сөргөөр нөлөөлж байна.

            Энэхүү судалгааны ажлын хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулж буй Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн практикт (2006 оны байдлаар) хийсэн судалгаанд үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн оролцуулснаас үүсэх үр дагаварт дүгнэлт хийж үзсэн болно. Бидний үзэж байгаагаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулснаас үүссэн дараах үр дагавар тулгамдсан асуудал мөн бөгөөд нэн даруй шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нийтийн эрх зүйн хүрээнд, нэг талд нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байж болзошгүй иргэн, хуулийн этгээд, нөгөө талд нь “заавал” нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтан байх нийтийн эрх зүйн маргаан болох захиргааны хэргийн онцлог бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ороцуулснаас алдагдаж, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа зарим захиргааны хэргүүд “иргэд хоорондын, хувийн эрх зүйн шинжтэй” болж байна. Захиргааны хэрэг нь хэргийн оролцогчдын онцлогоос хамаарч нэхэмжлэгч болох иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох нийтийн захиргаа хоорондын нийтийн эрх зүйн маргаан байдаг. Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагатайгаар гуравдагч этгээдийг оролцуулах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хуулийн шаардлагыг анхаарахгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулснаас Захиргааны хэрэг, маргаан нэхэмжлэгч болох иргэн, хуулийн этгээд -  гуравдагч этгээд (бие даасан шаардлага гаргаагүй) болох иргэн, хуулийн этгээд хооронд өрнөж байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулснаар гуравдагч этгээд нь хариуцагч болох нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтныг дагалдан дэмжигч болж, улмаар хариуцагчтай “хүч хавсарган” нэхэмжлэгчийн “хүч”-ийг сулруулж, хэргийн оролцогчид Захиргааны хэргийн шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж байна.

            Үүнээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтаас гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг нэг мөр ойлгоход дараах эргэлзээтэй асуудлууд тулгарч байна. Үүнд:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “...гуравдагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд хамаарах бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “...гуравдагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тодруулбал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийг эрх зүйн байдлыг улам тодорхой болгоно.

Гэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд үүнээс “зохигч” гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийг ойлгох уу эсхүл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “зохигч”-ийг ойлгох уу гэсэн асуудал тулгарна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн агуулгаас харахад хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийг “зохигч”-д хамааруулсан байна. Хэрвээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан “зохигч”-ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “зохигч” гэж ойлговол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд захиргааны хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж үзвэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, үүргийг тодорхойлоход бэрхшээлтэй юм. Учир нь Захиргааны хэргийн оролцогчдын онцлогоос хамаарч зарим тодорхой асуудалд нэхэмжлэгч эрхтэй байхад, хариуцагч үүрэгтэй, эсхүл эсрэгээр нь байдаг. Жишээ нь, хариуцагч шүүх хуралдаанд оролцох эрхтэй байхад, нэхэмжлэгч үүрэгтэй гэх мэт.[37]

            “Бие даасан шаардлага” гэж юуг ойлгох талаар Улсын Дээд Шүүхээс албан ёсны тайлбар гаргах замаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын гол онцлог болох “бие даасан шаардлага”-ын талаар нэгдмэл ойлголттой болох шаардлагатай байна. Энэ талаар “1.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлагыг тодорхойлох нь” дэд сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй авч үзсэн болно.

 

 

oOo

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 1.

 

Гуравдагч этгээд

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдал

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээдийн эрх зүйн байдал

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гуравдагч этгээд” гэсэн нэр томъёо 16 удаа тусгагдсан байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “гуравдагч этгээд” гэсэн нэр томъёо 149 удаа тусгагдсан байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

16 дугаар зүйлийн 16.1.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.

22 дугаар зүйлийн 22.1. Зохигч, гуравдагч этгээд, … -ийг хэргийн оролцогч гэнэ.

21 дүгээр зүйлийн 21.1. Захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг гуравдагч этгээд гэнэ.

29 дүгээр зүйлийн 29.1. Маргаж байгаа зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

 

         21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтын агуулгаас харахад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулахыг хориглосон.

29 дүгээр зүйлийн 29.3.Шүүхээс гарах шийдвэр маргаж байгаа зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснар “Тухайн захиргааны хэрэгт татан оролцуулахаар захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн гуравдагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  зохигчийн  эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”

 

 

Хавсралт 2.

ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хуулийн 63, 65 дугаар зүйл, Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 21 дүгээр зүйлийг харьцуулсан судалгаа

ХБНГУ-ын Захиргааны процесс дахь гуравдагч этгээд

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гуравдагч этгээд

ХБНГУ-ын Захиргааны шүүхийн тухай хууль

63 дугаар зүйлд зааснаар “татан оролцуулсан гуравдагч этгээд” захиргааны хэргийн оролцогч мөн.

16 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд нь хэргийн оролцогч мөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

 “Привлеченные третьи лица” буюу “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан гуравдагч этгээд” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.

“гуравдагч этгээд” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.

 

65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “Шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Захиргааны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу хэрэг дараагийн шатны хяналтад байх үед тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийг Захиргааны шүүх өөрийн санаачлагаар болон тухайн этгээдийн өөрийнх нь хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй.” гэж заасан байна.

21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “Захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг гуравдагч этгээд гэнэ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал (необходимое привлечение) оролцуулна.

21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гагцхүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг оролцуулна.

 

 

ЭХ СУРВАЛЖ

Ашигласан материалууд

 

НЭГ. ГАРЫН АВЛАГА, СУРАХ БИЧИГ

           

            А. Монгол хэлээр:

БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн дэлгэрэнгүй тайлбар, хамтын бүтээл, УБ., 1984, Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх зүйн, ерөнхий анги, УБ., 1988 он,

3.    Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966 он,

4.    Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи, “Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг”, УБ., 2004 он,

5.    Хууль зүйн үндэсний төв, “Шүүх, эрх зүйн шинэтгэл” төсөл,  “Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлага, №8, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдал, УБ., 2006 он,

6.    Хууль зүйн үндэсний төв, “Шүүх, эрх зүйн шинэтгэл” төсөл,  “Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлага, №13, Захиргааны эрх зүй: Шүүхийн практик, УБ., 2006 он,

7.    Хууль зүйн үндэсний төв, “Шүүх, эрх зүйн шинэтгэл” төсөл, “Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлага, №4, Захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх зарчим, УБ., 2006 он,

8.    Ред: Б.Чимид, Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн, хамтын бүтээл, УБ., 2004 он,

9.    А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй, УБ., 2006 он,

10. А.Эрдэнэцогт, А.Энхтуяа, Захиргааны эрх зүй,  захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн ойлголтууд, УБ., 2003 он,

11. П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, УБ., 2004 он,

12. Т.Мөнхжаргал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, ерөнхий анги, УБ., 2004 он,

13. Юпп Ёоахимски, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар, анхны хэвлэл, Мюнхен., 2004 он,

14. Ц.Амарсайхан, А.Бямбаа, А.Доржготов, Д.Тунгалаг, Б.Ундрах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, УБ., 2007 он,

15. Д.Ванчигсүрэн, В.Энхболд, Судалгаа шинжилгээний арга зүй, УБ., 2003 он.

 

ХОЁР. ВЭБ ХАЯГ

 

            А. Монгол хэлээр:  

www.legalinfo.mn, Хуулийн нэгдсэн сүлжээ, www.parl.gov.mn, Монгол Улсын Их Хурал,

 

      Б. Орос хэлээр:

www.cis-legal-reform.org, Transition States,

4.    www.allpravo.ru, Право и государство,

5.    www.students.ru, Рефераты и диломные,

6.    www.brocgaus.ru, Электрон – Энциклопедия,

7.    www.supcourt.kz, Казахстан Улсын ДШүүх,

 

ГУРАВ. СУДАЛГААНЫ АЖИЛ

 

1.    Судалгааны багийн удирдагч Б.Чимид, төслийн зохицуулагч С.Гэрэлмаа, Хууль зүйн үндэсний төвийн  захирал академич Ж.Амарсанаагийн баталсан 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвшил” удирдамжийн дагуу  хийгдсэн судалгааны тайлан, УБ., 2007 он.

 

ДӨРӨВ. СЭТГҮҮЛ, ЭМХТГЭЛ

 

1.    Монгол Улсын Дээд Шүүхийн мэдээлэл сэтгүүл, №001(82), УБ., 2007 он,

2.    Төрийн мэдээлэл эмхтгэл, 1992 оны №1, 2003 оны №3, 2002 оны №7, 2002 оны №8, 2003 оны №3,

3.    “Legis” хууль зүйн суваг сэтгүүл, Ханнс Зайделийн сан, 2002 он, 10 сар,

4.    Хууль дээдлэх ёс, 2005 он, 10 №1 /08/, 4 /11/

 

ТАВ. ХУУЛЬ

 

            А. Монгол Улсын хууль:

1.    Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 1992, №1,

2.    Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2003, №3,

3.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2003, №3,

4.    Иргэний хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002, №7,

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002, №8,

6.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002, №8,

7.    Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002, №5,

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002, №6.

 

            Б. Гадаадын хууль:

9.    Закон об административном суде Германий, Verwaltungsgerichtsordnung (VwGO), Stand: 1995, Copyright: Deutsche Stiftung fьr internationale und rechtliche Zusammenarbeit e. V. (IRZ), Bonn 1995, 10. Закон о порядке производства дел в административны хорганах Германий, Verwaltungsverfahrensgesetz (VwVfG) vom 25. Mai 1976, Copyright: Deutsche Stiftung fьr internationale und rechtliche Zusammenarbeit, 11. Проект федерального закона, "Об административных процедурах", № 64090-3, вносится депутатом Государственной Думы В.В. Похмелкиным, 12.  Казахстан Республикасынын Азаматтык ис жүргизу кодекс, Астана, 1999 ж. 13 шилде. Закон об административном суде, N 793-XIV от 10.02.2000, Мониторул Офичиал ал Р.Молдова N 57-58/375 от 18.05.2000.

 

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ, ЗӨВЛӨМЖ

 

Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын зөвлөмж, 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №01, Монгол Улсын Дээд Шүүхийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №11 тогтоол. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын зөвлөмж, 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №02 тоот.

 

 


[1] Төрийн мэдээлэл эмхтгэл, 1992 оны №1-д нийтлэгдсэн.

[2] Hermes гэдэг нь эртний Грекийн бурханы нэр бөгөөд агуулга нь хүмүүстэй харилцан ярилцлага хийх хэлбэрээр санал солилцож, мэдээлэл цуглуулах судалгааны арга.

[3] Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002 оны №7-д нийтлэгдсэн.

[4] Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002 оны №8-д нийтлэгдсэн.

[5] Төрийн мэдээлэл эмхтгэл, 2002 оны №8-д нийтлэгдсэн.

[6] Төрийн мэдээлэл эмхтгэл, 2003 оны №3-т нийтлэгдсэн.

[7] Д.Зүмбэрэллхам, “Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлагын дугаар 8 буюу “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдал, УБ., 2006 он” 21 дэх тал.

[8] Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар, УБ., 1984 он, 76 дахь тал.

[9] Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх зүйн, ерөнхий анги, УБ., 1988, 27 дахь тал.

[10] Ред.М.К.Треушников, Гражданский процесс, учебник, УБ., 2000 г, стр: 118

[11] http://www.brocgaus.ru/dir3/201800.htm

[12] Эрх зүйн харилцаанд оролцогчдын субьектив эрх, хууль зүйн үүрэг чиглэгдэж байгаа зүйл.

[13] Гуравдагч этгээдийн зан үйл, хууль зүйн боломжийн хэмжээ хязгаар.

[14] Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг, Хамтын бүтээл, УБ., 2004 он, 157 дахь тал

[15] Д.Зүмбэрэллхам, “Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлагын дугаар 8 буюу “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдал, УБ., 2006 он” 21 дэх тал.

[16] П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, УБ., 2004 он, 28 дахь тал

[17] Хавсралт 1-ийг үзнэ үү.

[18] А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй, УБ., 2006 он, 13 дахь тал.

[19] Энэ талаар 1.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлагыг тодорхойлох нь дэд сэдвээс үзнэ үү.

[20] А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй, УБ., 2006 он, 16 дахь тал.

[21] Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, докторант А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй, УБ., 2006 он, 167 дахь тал.

[22] Энд “нэхэмжлэл” гэж бие даасан шаардлагыг хэлж байгаа болно. Бие даасан шаардлагын тодорхойлолтыг үзнэ үү.

[23] А.В.Тихомирова, М.Ю. Тихомиров, Юридическая Энциклопедия, М., Юрист, 2001 г, стр 869.

[24] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, хамтын бүтээл, УБ., 2007 он, 101 дэх тал.

[25] Өрсөлдөгч тал гэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шийнжийг тодорхойлж байгаа болно.

[26] Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966 он, 82 дахь тал.

[27] Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд хүсэл зориг нь бусдаас буюу нэхэмжлэгч, хариуцагчаас хараат бус байх асуудал.

[28] Словарь русского языка, главный ред: А.П.Евгеньиев, М., 1984 г, стр: 769

[29] А.Эрдэнэцогт, Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй, УБ., 2006 он, 235 дахь тал

[30] Хууль зүйн үндэсний төв, “Шүүх, эрх зүйн шинэтгэл” төсөл,  Захиргааны хэргийн шүүх “ цуврал гарын авлага, №13, Захиргааны эрх зүй: Шүүхийн практик, УБ., 2006 он.

[31] Өрсөлдөгч тал гэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шийнжийг тодорхойлож байгаа болов уу.

[32] Хавсралт 2-ийг үзнэ үү.

[33] Хууль зүйн үндэсний төвийн  захирал академич Ж.Амарсанаагийн баталсан 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвшил” судалгааны удирдамжийн дагуу  хийгдсэн судалгааны тайлан, УБ., 2007 он.

[34] Бие даасан шаардлага гаргасан гэх.

[35] “необходимое привлечение” гэж заасан байна.

[36] тодруулбал, бие даасан шаардлагын талаар.

[37] Жишээ нь гуравдагч этгээд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх эрхтэй юу, үүрэгтэй юу.


бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гарчиг
АЖИЛГҮЙ ИРГЭНИЙ ТУХАЙ ТӨРИЙН ЭМХТГЭЛД БИЧИГДСЭН 1992 ОНЫ НЭГДҮГЭЭРТ НИЙТЛЭГДСЭН МАТЕРИАЛИЫГ ЯАЖ ҮЗЭХ ВЭ
Бичсэн: ЧИМГЭЭ (зочин) хэзээ: 17:05, 2013-06-03 | Холбоос | |
Bazar
rahmet!
Бичсэн: Зочин хэзээ: 20:23, 2012-05-13 | Холбоос | |



:-)
 
xaax