39893 дахь зочин!
avatar

ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО

2011-03-06,21:16

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал нь шүүх үйл ажиллагаагаа шударга явуулах үндсэн баталгаа мөн.[1]

 

            Шүүхийн шинэтгэл, түүнийг гүнзгийрүүлэх, эрчимжүүлэх нь тасралтгүй үргэлжлэх үйл явц мөн бөгөөд шинэтгэл нэг жил, эсхүл арваад жил, тодорхой хугацаагаар үргэлжилж “зогсдог”, “саармагждаг” үйл явдал биш юм.

            Сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэл, түүнийг гүнзгийрүүлэх нь хэн бүхний анхааралд байна. Монгол Улсын төрийн тэргүүн, хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллага, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг төрийн бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг байгууллагууд шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шат дараалсан, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, зөвлөгч, судлаач, эрдэмтдийн зөвлөгөө, судалгаа, санал, Олон Улсын байгууллагуудын дэмжлэг, хөрөнгө оруулалтын үндсэн дээр шүүхийн шинэтгэл улам гүнзгийрч, шинэтгэлийг гүнзгийрүүлэх санал санаачилгыг ажил хэрэг болгож, эрчимжүүлэх ажил бүх шатны шүүхүүдийн хэмжээнд хийгдэж байна.

Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталснаар түүний үзэл баримтлалын дагуу шүүх эрх мэдлийн шинэтгэлийн эхлэл тавигдаж, эцэг хуулийн үзэл баримтлалд шүүх эрх мэдлийг нийцүүлэх төрийн бодлого, үйл ажиллагаагаа чиглэгдэж байна.

 

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг /цаашид “хараат бус, бие даасан байдал” гэх/ хангах баталгаа, тогтолцооны эрх зүйн үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйл, Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т тус тус заасан байдаг. Тэгвэл манайд хараат бус, бие даасан байдлыг хамгаалах хариуцлагын тогтолцоо байна уу?

            Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үндэс болсон эрх зүйн баримт бичгүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулиудын төслүүд, судлаач, эрдэмтдийн судалгааны ажилд:

хараат бус, бие даасан байдлыг хангах нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгаа, шүүхийн дотоод ардчилал, шүүхийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн статус, чиг үүрэг, Шүүхийн тогтолцооны хараат бус байдлын эрх зүйн үндэс, шүүгчийн хараат бус байдлын дархлаа, баталгаа, шүүгчийн албаны хараат бус байдал, шүүх эрх мэдлийн “суурь хараат бус байдал”, шүүхийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх баталгаа, шүүхийн бие даасан захиргаа, шүүгчдийн байгууллага /нийгэмлэг/, шүүх доторх шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн хувийн хараат бус байдал, шүүгчийн ёс зүй, түүний хяналтын институт, хариуцлага зэрэг асуудлаар шинэлэг зохицуулалтуудыг тусгаж, шүүх эрх мэдлийн өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, нэлээн дэлгэрэнгүй авч үзсэн учир энэхүү илгэлийн хүрээнд хараат бус, бие даасан байдлыг хамагаалах хариуцлагын тогтолцооны талаар бичихийг зорилоо.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар хараат бус, бие даасан байдалд халдах “нөлөөллийг” хязгаарласаар[2] байхад энэ талаар органик хуулиудад нарийвчлан зохицуулаагүй, мөн хараат бус, бие даасан байдлыг хангахаас гадна  хамгаалахыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд үүрэг болгосоор байхад Шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг гагцхүү материаллаг хангамж хийх, үйлчилгээ үзүүлэх, шүүхийн захиргаа, хүний нөөц, төсөв санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэгч, зохион байгуулагч байгууллага гэж ойлгох нь учир дутагдалтай мэт.

     

            Хараат бус, бие даасан байдал нь дараахь элементүүдээс бүрдэнэ. Үүнд:

Төрийн эрх мэдлийн хуваарилалт харилцан хяналттай, тэнцвэртэй байж л шүүхийн бие даасан байдлын суурь нөхцөл бүрэлдэнэ, Шүүгчийн хувийн болон албаны хараат бус байдал, Үндэсний эрх зүйн тогтолцоонд хараат бус, бие даасан байдалд халдах нөлөөллийг хориглох,Хараат бус, бие даасан байдлыг хангах баталгаа,Хараат бус, бие даасан байдлыг хамгаалах тогтолцоо зэрэг болно.

 

            Дээрх нөхцлүүдээс сүүлийн 2 нөхцлийн талаар энд дэлгэрэнгүй авч үзье. 

Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг:

1.    Хараат бус, бие даасан байдлыг хангах чиг үүрэг,

2.    Хараат бус, бие даасан байдлыг хамгаалах чиг үүрэг гэж 2 ангилж болно.

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “хараат бус, бие даасан байдлыг хангах чиг үүрэг” гэж Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу шүүгч, шүүх шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөл, боломжоор хангах, шүүхийн төсөв, санхүү, хүний нөөц, дотоод зохион байгуулалт, удирдлагыг оновчтой зохион байгуулах зэрэг “нийгэм, эдийн засгийн баталгааг”, “хараат бус, бие даасан байдлыг хамгаалах чиг үүрэг” гэж хараат бус, бие даасан байдалд халдах нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, “нөлөөлөл”-ийг шалгаж тогтоох, дүгнэлт гаргах, хариуцлага тооцох, эсхүл хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэх зэрэг “эрх зүйн баталгааг” ойлгоно гэж тодорхойлж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөл “хамгаалах”  чиг үүргээ хэрэгжүүлэх Үндсэн хуулийн үндэслэлийг Дөчин есдүгээр зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл ... эрх ашгийг нь хамгаалах ... үүргийг биелүүлнэ”, Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д “Шүүгч, шүүхийн болон шүүхийн байгууллагын ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах...” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрхээс үзвэл хараат бус, бие даасан байна гэдэг нь шүүгч, шүүхийн нэг талаас үүрэг боловч, нөгөө талаас эрх /боломж/ нь юм. Шүүгч, шүүх хараат бус, бие даасан байх эрхээ эдлэхээр бусдаас[3] шаардаж болно.

 

            Шүүхийн Ерөнхий зөвлөл “хамгаалах” чиг үүргээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ?

            Шүүхийн Ерөнхий зөвлөл бүрэн эрхээ хуралдааны хэлбэрээр хэрэгжүүлэхээр Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заажээ. Өнгөрсөн хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргасан “Шүүхийн захиргааны удирдлага” эрх зүйн баримт бичгийн 1, 2, 3 дугаар эмхтгэлд нийтлэгдсэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гарсан тогтоол, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын захирамж болон Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалуудад шинжилгээ хийж үзвэл эхний эмхтгэлд нийтлэгдсэн 35 тогтоол, захирамж, тушаалын 34 нь “хангах” чиг үүргийн хүрээний баримт бичгүүд, 1 нь “хамгаалах” чиг үүргийн хүрээний баримт бичгүүд байсан бол 2 дугаар эмхтгэлд нийтлэгдсэн нийт 22, 3 дугаар эмхтгэлд нийтлэгдсэн нийт 17 эрх зүйн баримт бичиг бүгд “хангах” чиг үүргийн хүрээнд гарсан тогтоол, захирамж, тушаалууд байна.

            “Шүүхийн захиргааны удирдлага” эрх зүйн баримт бичгийн 1 дүгээр эмхтгэлд нийтлэгдсэн “хамгаалах” чиг үүргийн хүрээнд 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах, хариу өгөх журам” нь шүүх, шүүгч, шүүхийн ажилтнуудын эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах зорилготой байна. Эндээс хамгаалах чиг үүргийн хүрээний эрх зүйн баримт бичгүүд болон журмууд цөөн тоогоор гарч байгаа нь Ерөнхий зөвлөлийн “хамгаалах” чиг үүргийг нарийвчлан хуульчлаагүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

 

            Шүүхийн Ерөнхий зөвлөл хараат бус, бие даасан байдлыг хамгаалах чиг үүргээ:

“нөлөөллийн[4]” талаарх хүсэлт, гомдлыг хүлээн авах, “нөлөөллийг” шалгаж, тогтоох,“нөлөөлөл” мөн эсэх талаар дүгнэлт гаргах, өөрийн бүрэн эрхэд хамаарах бол хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох, эсхүл эрх бүхий байгууллагад хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэх гэсэн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь сэдвээр хийсэн нэгэн тойм судалгаанд[5] “Шүүхийн  шийдвэрт  төрийн  өндөр  албан  тушаалтан, улс төрийн болон бизнесийн бүлэглэл, хөрөнгө чинээтэй хүмүүсийн нөлөөлөл улам бүр хүчирхэгжиж,  түүгээр  ч  үл  барам  шүүх  дотор  шүүгчийн  шийдвэрт нөлөөлдөг болсон тухай, “утасны болон уулзалтын эрх зүй” зэрэг ёс бус зүйл хуулиас дээгүүр үйлчилдэг болсон тухай олон  нийт  шүүмжлэн  ярьж,  тэр  нь  судалгаагаар  мөн  нотлогдсон” тухай бичжээ.

Практикт шүүгчийн хараат бус байдалд шүүгч, түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнийг шууд болон шууд бус арга хэлбэрээр айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх, хэл амаар доромжлох, үйлчилгээ үзүүлж тал засах[6], эсхүл үйлчлэхгүй[7] байх, хараах[8], шүүгчийн итгэл үнэмшлээр айлган сүрдүүлэх, шүүгчийн найз нөхөд, танил тал, ах, дүү, хамаатан, садангийн хүнээр дамжуулан нөлөөлөхийг оролдох, авлига, хээл хахууль, шан харамж өгөхийг завдах, шүүгчийн иргэний хувьд эдлэх үндсэн эрхийг хязгаарлах зэргээр нөлөөлөх “нөлөөлөл” нийгэмд байсаар байгааг үгүйсгэж болохгүй.  Энэ асуудлыг  хүлээн зөвшөөрч, нийгмийн энэхүү сөрөг, эрүүл бус үзэгдлийн эсрэг хараат бус, бие даасан байдлыг хамгаалах хариуцлагын тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болоод байна.

 

Хараат бус, бие даасан байдлыг бодит утгаар нь бий болгохын тулд түүнийг хамгаалах хариуцлагын тогтолцоог эрх зүйн хэлбэрт оруулахыг санал болгож байна. Үүнд:

1.    Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн үзэл баримтлалын дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “хараат бус, бие даасан байдлыг хамгаалах” чиг үүргийг тодорхой болгож, хуульчлах,

2.    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тухай хуулийн төсөлд “нөлөөллийн[9]” талаарх хүсэлт, гомдлыг хүлээн авах, “нөлөөллийг” шалгаж, тогтоох, “нөлөөлөл” мөн эсэх талаар дүгнэлт гаргах, өөрийн бүрэн эрхэд хамаарах бол хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох, эсхүл эрх бүхий байгууллагад хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэх зохицуулалтуудыг тусгах,

3.    Хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх нөлөөллийн хэлбэрүүдийг тодорхойлж, хүлээлгэх эрүүгийн болон захиргааны[10] хариуцлагыг хуульчлах, эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуулиудад нэмэлт оруулах,

4.    Хараат бус, бие даасан байдалд нөлөөлөхийг завдсан л бол тодорхой арга хэмжээ авч, гомдол, хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргадаг, мэдэгддэг байх шүүгч, шүүхийн тамгын хэлтсийн бүрэн эрхийг бий болгох,

5.    Жишээ нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд “Албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд нөлөөлөх гэсэн нөхцөл байдлыг мэдэгдэх[11] зохицуулалтыг оруулсан байна. Ийм зохицуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд оруулах саналтай байна.

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                       С.ӨМИРБЕК


[1] Банглорын шүүхийн шүүгчийн ёс зүйн зарчим.

[2] Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй

[3] Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан /шүүгч, Ерөнхий шүүгч/, иргэн, төр, түүний байгууллага хэнээс ч шаардаж болно.

[4] Хараат бус, бие даасан байдалд халдах гэсэн “нөлөөлөл”

[5] Нээлттэй нийгэм форум, “МОНГОЛ УЛСАД ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” Бодлогын тойм судалгаа, Н.Лүндэндорж /Судалгааны багийн ахлагч, Философийн доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (JSD), МУИС-ийн тэргүүлэх профессор/, Ч.Өнөрбаяр, М.Батсуурь нар, УБ., 2010 он,

[6] Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн утсанд хэргийн оролцогчоос ая дууны мэндчилгээ ирсэн тохиолдол гарсан байна.

[7] Эс үйлдэхүй /хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, жишээ нь эмч, багш нар/

[8] Ном уншуулсан гэх элс, шороо цацах.

[9] Хараат бус, бие даасан байдалд халдах  “нөлөөлөл”

[10] Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, нөлөөлөл гэмт хэргийн шинжгүй бол захиргааны хариуцлага хүлээлгэх.

[11] Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйл.

Албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд нөлөөлөх гэсэн нөхцөл байдлыг мэдэгдэх

9.1. Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад эсхүл Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

9.2. Албан үүрэгтэй нь холбоотой бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараахь арга хэмжээг авна:

9.2.1. саналаас татгалзах;

9.2.2. санал тавьсан этгээдийг тодорхойлох;

9.2.3. тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалаад энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;

9.2.4. боломжтой бол тухайн үйл явдлын гэрчүүдийг тэмдэглэх;

9.2.5. болсон нөхцөл байдлын талаархи мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх;

9.2.6. хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн тохиолдолд асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх.

 

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax