ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙГ "УРАМШУУЛАХ" ГЭРЭЭ
ҮНДСЭН ХУУЛИЙН “ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭН ЭДЛҮҮЛЭХ” ҮЗЭЛ САНАА БА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ “УРАМШУУЛЛЫН ГЭРЭЭ”
УДИРТГАЛ
Монгол Улсын ард түмэн бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож, үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан билээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн уг сарвалж нь Үндсэн хууль болохыг мөн хуулийн Далдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн баталгаажуулжээ. Цаашилбал, мөн хуулийн Долдугаар зүйлийн 4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж зааснаас харвал Монгол Улсын Үндсэн хууль бол жинхэнэ “супер” Үндсэн хууль мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” гол үзэл санааг Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.
Дээрх заалтаас Төр иргэнийхээ өмнө ямар чухал үүрэг хүлээсэн болохыг харж болно. Харин энэхүү үүргээ Төр, түүний байгууллага, албан тушаалтан хэрхэн хэрэгжүүлж, биелүүлж байна вэ?
“Иргэд засаг төрийг эрх олж авахын төлөө байгуулдаггүй, харин өөрт байгаа эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахын тулд байгуулдаг…”[1], төр иргэдийн эрх, эрх чөлөөлөг хамгаалах, сэргээн эдлүүлэх үүргийг Үндсэн хуулиар хариуцуулсан байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д[2] заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заажээ.
Энэхүү хуулийн заалтыг дурьдсаны учир Үндсэн хуулийн дээрх “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санааг төрийн байгууллага, албан тушаалтан, тодруулбал, Шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэрхэн хэрэгжүүлж, биелүүлж байгаад оршино.
Юуны түрүүнд дээрх байгууллага, албан тушаалтны эрх зүйн байдлын талаар авч үзье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Харин шийдвэр гүйцэтгэгч нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан тушаалтан юм.
Тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар төрийн сүлдэнд "Монгол Улсын иргэн би Шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангараглая. Би тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" гэж тангараг өргөж, мөн зүйлийн 135.2-т зааснаар цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай, 135.3-т зааснаар хувийн дугаар бүхий тэмдэг, таних тэмдэгтэй байна.
Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан “урамшууллын гэрээ”-ний зүйлийн талаар авч үзье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 208 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам”-ыг баталжээ.
Дээрх журмын 1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр авагчид олгосон мөнгөн болон эд хөрөнгийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2[3], мөн журмын 3.1-т заасан суутгал хийж, түүнийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах болон шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулахаар байна.
Эндээс тус журмын 3.1-т заасан “суутгал” гэдэг нь шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг биелүүлсний дараа төлбөр төлөгчөөс төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс 0.5-10 хувийн урамшууллыг суутгаж, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө юм.
Энэхүү мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга дараах байдлаар хуваарилдаг байна. Үүнд:
Үнийн дүн, сая төгрөгөөр | Оногдох хувь | ||
Шийдвэр гүйцэтгэгчид | Болзошгүй эрсдэлийн зардалд | Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны бусад зардалд | |
0-1.0 | 5.5 | 1 | 3.5 |
1.0-5.0 | 4 | ||
5.0-10.0 | 3 | ||
10.0-25.0 | 2.5 | ||
25.0-50.0 | 2 | ||
50.0-75.0 | 1.5 | ||
75.0-100.0 | 1.0 | ||
100.0-аас дээш | 0.5 |
Энэхүү хүснэгтээс төлбөр төлөгчөөс гаргуулсан, төлбөр авагчийн мөнгөн болон эд хөрөнгийн 5-10 хувийг “урамшууллын” гэх гэрээний зүйл болгон суутгаж, түүнийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь шийдвэр гүйцэтгэгчид, болзошгүй эрсдлийн зардалд[4], шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны бусад зардалд[5] хэрхэн хуваарилж байгаа үйлдлийг харж болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтэлсэн хуулийг хэрэглэж, “Монгол Улсын нэрийн өмнөөс” гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Энэ нь эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд үндэслэгддэг.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлэх үүрэгтэй ба хэрвээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх зохицуулалттай юм. Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т заасан “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санааны илрэл мөн.
Үндсэн хуулийн дээрх зүйлээс харвал “хүний эрхийг сэргээх”, “хүний эрхийг сэргээн эдлүүлэх” нь өөр хоорондоо холбоотой хийгээд утга, агуулгын хувьд өөрөөр тодорхойлогдох ойлголтууд юм. Зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа байдаг бол “эрхийг сэргээн эдлүүлэх” нь Засгийн газрын үүрэг юм.
Гэтэл “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн Яамны харъяа хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төсвийн хөрөнгөөр санхүүжиж, төрийн тусгай албан тушаалтан болох шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдсан атлаа “урамшууллын гэрээ” нэрийдлээр төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс тодорхой хувь суутгал хийж, түүнээс нэмэгдэл орлого олж байгаа нь Үндсэн хуулийн “төрийн иргэнийхээ өмнө хариуцах - зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санаанд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хувийн эрх зүйн субъект, эсхүл төрийн өмчит үйлдвэрийн газар биш. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Нөгөө талаар, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг бий болгодог бөгөөд тухайлбал иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зохигчдод өмчлөх эрх үүсгэх, бий болгох эрх зүйн үр дагавартай байдаг. Энэ тохиолдолд төлбөр авагчид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас өмчлөх эрх үүсдэг.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрийг албадан биелүүлнэ. Гэтэл, энэхүү шийдвэрийг албадан биелүүлэхдээ төлбөр авагчийн шүүхийн шийдвэрийн дагуу бий болсон өмчлөх эрхийг “урамшууллын гэрээ” гэх императив зохицуулалтаар хязгаарлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн “урамшууллыг” төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс санхүүжүүлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санаанд нийцэхгүй, мөн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т “Төр…өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасныг зөрчсөн байна.
Өмчлөх эрх нь хүний халдашгүй эрх бөгөөд түүнийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болдог. Ийнхүү хязгаарлахдаа нийтийн ашиг сонирхол, нийгмийн зайлшгүй хэрэгцээний үүднээс зохицуулалт хийдэг. Энэ тохиолдолд төрөөс хүний өмчлөх эрхийг хязгаарласан хэмжээгээр нөхөн төлбөр төлөх зохицуулалтыг шаарддаг.
Хууль л гаргавал өмчлөх эрхийг хязгаарлаж болно гэж ойлгож болохгүй.[6]
Иргэн хуулийн этгээд шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэн, улмаар хариуцагч - төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас үүсэх хохирлыг өөрөө хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санаанд нийцэхгүй юм.
ДҮГНЭЛТ, САНАЛ
Энэхүү сэдвийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т заасан “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санааг тодорхой тохиолдолд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд тулгуурлан[7] тайлбарлахыг хичээлээ.
Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн өөрчлөлт оруулах, холбогдох тушаал, журмыг шинэчлэн боловсруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-ийг “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа шийдвэр гүйцэтгэгчийг энэ хуулийн 83.1-д заасан хэмжээгээр Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу урамшуулна.” гэж өөрчлөх саналтай байна.
[1] Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, УБ., 2008 он, 148 тал.
[2] Тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэж заасан байна.
[3] Төлбөр төлөгчөөс гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувь.
[4] Болзошгүй эрсдлийн зардал гэж шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэж буй хохирлыг ойлгоно.
[5] Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал гэдэгт албаны байр, цахилгаан дулаан, тоног төхөөрөмж, урсгал засвар, сургалт семинар, томилолт, болзошгүй эрсдэл зэрэг шаардагдах зардлыг хамааруулан ойлгоно.
[6] Үндсэн хуулийн тайлбар, УБ., 2000, Хамтын бүтээл, 44 тал.
[7] Казуал тайлбар.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
харин өмгөөлөгч нарт хүмүүс өмгөөллийн хөлс гээд хэдэн арван саяар нь мөнгө өгдийн байна лээ 10 хувь бол хамгийн доод үнэ тэгээд 1 нэхэмжлэл бичээд л 10 сая төгрөг шүүх хурал д ороод олигтойхон ч юм ярчиж чадахгүй худлаа мөнгө л авах бодолтой улс байна лээ өмгөөлөгч нарын балиартуулсан 2 талд ажлаад завааруулсан асуудлыг энэ хэдэн шийдвэр гүйцэтгэгч нар чинь л авч өгдийн байна лээ дээ анхаар тавьсан явдалд баярлалаа.
нэг бол цэргийн цол олгочихмоор юм